Хачигт хазуулсны улмаас хүнд халдварладаг 30 гаруй төрлийн өвчин байдгаас манай улсад хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт реккетсиоз гэсэн 3 төрлийн халдварт өвчин зонхилон гардаг. Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан 4-10 сарын хооронд бүртгэгддэг байна.
Хачгийн дээрх гурван төрлийн өвчин манай аймгийн Хужирт, Бат-Өлзий, Хархорин, Зүүнбаян Улаан, Өлзийт, Уянга, Нарийнтээл, Тарагт, Сант, Баянгол, Богд, Арвайхээр зэрэг 12 суманд бүртгэгдсэн байна. Сүүлийн 3 жилд аймгийн хэмжээнд хачигт халдвараар нийт 25 хүн өвчилжээ.
Хачигт хазуулснаар толгой өвдөх, биеэр тууралт гарах, халуурах, үе мөч, булчин өвдөх, тунгалагийн булчирхай үрэвсэх, захын мэдрэл үрэвсэх зэрэг 10 гаруй шинж тэмдэг илэрдэг. Хачигт хазуулснаас хойш 1-30 хоногийн дотор дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн төвд хандахаас гадна хачгийн тархалт ихтэй бүс нутагт амьдардаг бол тухайн өвчний вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Хачгийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд уул хаданд ажлаар болон зугаалгаар явахдаа өндөр ургамал мод бутнаас зайдуу явах, хачиг ялгарч харагдахаар тод цайвар өнгийн битүү хувцас өмсөх, гутал хувцасруугаа хачиг дайжуулагч цацах, малын ноолуур, ноос авах үедээ 2 цаг тутамд хачиг биедээ байгаа эсэхийг тогтмол шалгах хэрэгтэй гэдгийг аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлж байна.