• Албан ёсны цахим хуудас
Энэ жил 15000 толгой мал сүрэгт үзлэг, ангилалтын ажил зохион байгуулна

Энэ жил улсын төсвийн санхүүжилтээр Баянгол сумын “Баянгол омог”-ийн 2500 хонь, Уянга сумын нутгийн 5000 сарлаг, Нарийнтээл сумын “Тээлийн улаан” нутгийн шилмэл хэвшлийн 2500 ямаа, Гучин-Ус сумын “Монголын хоолой”-н 2000 тэмээ, Есөнзүйл сумын нутгийн 3000 адуу, нийт 5 сумын 15000 толгой мал сүрэгт  үзлэг, ангилалт хийх,  малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан болон удам зүйн үнэлгээний программд оруулах ажлыг 2020 оны 04 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 15 хүртэлх хугацаанд зохион байгуулна.

Аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн “Үржлийн малд үзлэг, ангилалт хийх, баталгаажуулах тухай” А/151 дүгээр захирамжаар дээрх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг баталж,  үзлэг ангилалтын ажлыг сум орон нутагтаа зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Мөн малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан болон удам зүйн үнэлгээний программд оруулах ажлын зардлын хуваарилалт болон гэрээгээр ажил үйлчилгээ явуулах мал үржүүлэг, технологийн нэгжүүдийг Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын  2020 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн “Мал сүрэгт үзлэг, ангилалтын ажил зохион байгуулах тухай” А/07 дугаар тушаалаар баталж,  бэлтгэл зохион байгуулалтын ажлыг хангаж байна.

Үржлийн мал сүрэгт хийх үзлэг ангилалтын ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Үржлийн малд үзлэг ангилалт хийх, баталгаажуулах, цөм сүрэг бүрдүүлэх, ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх ажлын удирдамж”-ийн дагуу технологит хугацаанд чанартай хийж гүйцэтгэн, үзлэг ангилалтад хамрагдсан малаас цөм сүрэг бүрдүүлэх, үүнээс хээлтүүлэгч бойжуулах, сайжруулагчаар ашиглах боломжийг судлан шийдвэрлэж, төсөв хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, тайланг газрын зөвлөлийн хуралд танилцуулан холбогдох газарт хүргүүлснээр энэхүү ажлын үр дүн тооцогдоно.

 

2020-04-10 11:42:58