Өвөрхангай аймгийн ИТХ, ЗДТГ-аас 107 багийнхаа ИНХ-ын дарга, Засаг дарга нарыг хамруулсан нэгдсэн сургалтыг 5 сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Өвөрхангай аймагт 2013 оныг “Төрийн үйлчилгээний шинэчлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй, хүртээмжтэй хүргэх, түүнд иргэдийн оролцоог хангахад багийн удирдлагууд голлох үүрэгтэй учраас хууль эрх зүй, холбогдох тогтоол шийдвэрүүдийг мөрдлөг болгон ажиллахад нь аргазүйн зөвлөгөө өгөх, ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх ажлын мэдээллийг хүргэх зорилгоор энэхүү сургалтыг хийсэн юм.
Өвөрхангай аймаг 107 багтай, үүний 10 нь Арвайхээр суманд, 18 нь сумын төвд, 79 нь хөдөөний баг байдаг. Нийт Засаг дарга нарын 37 нь анх удаа, 30 нь хоёр дахь удаагаа, 24 нь гурав дахь удаа, 3 нь дөрөв дэх удаа, 3 нь тав дахь удаагаа сонгогджээ. Тэдгээрийн 87 нь эрэгтэй, 17 нь эмэгтэй, 43 нь дээд боловсролтой, тусгай дунд боловсролтой 16, бүрэн дунд боловсролтой 37, бүрэн бус дунд боловсролтой 6 дарга байна.
Сургалтын эхэнд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зарчим, хүрэх үр дүнгийн тухай мэдээлэл өгч, “Та бүхэн улс төрийн албан тушаалтнууд учраас зориуд бүрэн эрхийнхээ үйл ажиллагааны эхэнд энэхүү сургалтыг зохион байгуулж байна. Олон түмний төлөө юм хийж чадах л хүн багийн ИНХ-ын дарга, Засаг дарга байх ёстой. Тэгнэ ч гэж та бүхэн сонгогдсон байх. Засаг захиргааны анхан шатны нэгж болсон багийн ажил сайн байвал сумын ажил сайн, сумын ажил сайн байвал аймгийн ажил сайн байх учиртай. Аймгийн ажил сайн байснаар улс орны өнгө төрх, ажил үйлс, ард иргэдийн аж амьдрал өөдрөг байна. Тийм учраас бүх зүйл багийн дарга нараас шалтгаална” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
Сургалтаар аймгийн Засаг даргаас ирэх дөрвөн жилд хийж, хэрэгжүүлэх багт хамааралтай ажлын зорилго, чиглэлээр тодорхой мэдээлэл хийсэн бол аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд “Аймгийн ИТХ-аас бүрэн эрхийн хугацаанд баримтлах чиглэл” ИТХ-ын ажлын албаны тасгийн дарга Т.Төмөрчөдөр “Багийн ИНХ-д иргэдийн оролцоог хангах, шийдвэр гаргах арга зам”, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Н.Энхцэцэг “Төрийн үйлчилгээний шинэчлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жилийн ажлын явц, сум багийн түвшин дэх мэдээллийн хүрэлцээ” сэдвээр илтгэл тавьлаа. Мөн хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилт, орон нутгийн хөгжлийн сан, хүнс, хөдөө аж ахуйн бодлого, гамшгийн үеийн бэлтгэл, бэлэн байдал, иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээ, аймгийн мэдээллийг авах боломж, вэб сайтны тухай, дулааны улирлын цаг агаарын төлөв зэрэг мэдээллийг холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдээс өгсөн.
Сургалтын төгсгөлд асуулт, хариулт явагдсан бөгөөд багийн Засаг дарга нараас “Багийн төвийг засварлах, унааны асуудлыг шийдэх, багийн дарга нарын нийгмийн асуудалд анхаарах, багийн иргэдийн болон малын эрүүл мэндэд шаардлагатай эмийн тусламж, үйлчилгээг сайжруулах, багийн Засаг дарга болоод ИНХ-ын даргын хамтын ажиллагааг сайжруулах үүднээс ИНХ-ын даргын урамшууллыг нэмж олгох, Арвайхээр сумын баг тус бүрийг нийгмийн ажилтантай болгох, хөдөөгийн багийн ИНХ-ын дарга нарт бензин шатахууны дэмжлэг үзүүлэх зэрэг санал тавьлаа. Мөн “Дээд шатны байгууллагуудаас шаардсаны дагуу судалгааны ажил хийсээр байгаад өдөр өнгөрдөг, хийдэг ажил ерөөсөө л судалгаа авах боллоо”, “Багийн дарга нар шинэхэн томилогдсоныг далимдуулж, босоо албан тушаалтнууд багийн дарга нараар л хамаг ажлаа нугалуулдаг боллоо. Өвөлжөө, хаваржаа, нохойны төлбөр гээд мөнгө хураадаг л хүн шиг ойлголтыг ард иргэдэд өгүүлж байна.”, “Багийн дарга нарыг сонгуулийн үеэр л санаж, бусад үед мартдаг”, “Багийн дарга нарын ажлын ачаалал жилээс жилд нэмэгдэж, цаг, наргүй ажиллаж байна. Гэтэл цалин урамшуулал нь хэвээр байгаад байна. Хоёр зуун хүнтэй багийн дарга, хоёр мянган хүнтэй багийн дарга ижижлхэн цалин авдаг” зэрэг гомдол, шүүмжлэлийг ч багагүй хэлсэн юм. Сургалтанд хамрагдагсдын зүгээс тавьсан асуулт, санал хүсэлтэнд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн хариулахдаа,
- Багийн төвийг шинээр барих, засварлах ажлыг сумын хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлэнэ. Суманд төсвийн эрх мэдэл өгөгдсөн. Аймгийн Орон нутгийн хөгжлийн санд 11,3 тэрбум төгрөгийн хөрөнгө байгаагаас 6,8 тэрбумыг сумдад шилжүүлсэн. Хамгийн бага төсөвтэй Өлзийт сум 265 сая, хамгийн их нь Арвайхээр сум 771 сая төгрөгийн сантай. Тийм учраас хөгжлийн сангийнхаа хөрөнгөөр багийн төвөө засварлах боломжтой.
- Хөдөө багуудад тулгамдаж байгаа гол асуудал нь мал эрүүлжүүлэх ажил гэдэг нь үнэн. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Баг бүрийг малын эмчтэй болгох” зорилт тусгасан. Аймгийн хэмжээнд дунд мэргэжилтнүүдийг олноор бэлтгэх шаардлага бий болж байна. МСҮТ-тэй хамтарч мал эмнэлгийн дунд мэргэжилтэн бэлтгэх ажлыг хийнэ. Тэр мэргэжилтэнд л мал эмнэлгийн тусгай зөвшөөрөл өгнө. Мал эмнэлгийн үйлчилгээний санхүүжилтэнд аймгаас 450 сая төгрөг өгч байгаа. Цаашдаа багийн даргын үнэлгээгээр энэ хөлсийг өгдөг болно.
- Нохой устгалын ажил бол сум, багийн дарга нарын ажил учраас хийнээ.
- Багийн НХ-ын дарга нарын урамшууллыг нэмэгдүүлэх асуудлыг холбогдох яам, газруудад уламжилж шийдвэрлүүлнэ.
- Өнгөрсөн дөрвөн жилд бүх багийн дарга нарыг үе шаттайгаар унаажуулсан. Хятад мотоцикль гурван жил бололгүй дуусч байгаа гэдгийг бид ойлгож байна. Бид хуваарь гаргаж байгаад амжвал энэ хоёр жилд унаажуулах ажлыг хийнэ. Багийн эмэгтэй дарга нар мотоцикль унах боломжгүй гэж үзвэл мотоцикльтой тэнцэх хэмжээний мөгийг нь өгөх хэлбэр рүү л орно. Ер нь бол багийн даргаа байтугай сумын даргаа унаажуулах боломжгүй болчихоод байгаа.
- Арвайхээр сумын багийн дарга нарын ажлын ачаалал их байгааг бид мэдэж байгаа. 2014 онд баг дунд биш баг бүрт нийгмийн ажилтны орон тоог шийднэ гэсэн бодолтой байгаа. Би ойрын үед Арвайхээр сумын багуудаар явж, багийн дарга нарын ажилтай танилцана. Багийн дарга нарын нийгмийн хангамж, тэтгэмжийн хувьд улс төрийн сонгуульт ажилтан учраас багш, эмч нар шиг тэтгэмж авах боломжгүй. Төрийн бодлогын гадна байгаа улсууд бол улс төрийн албан тушаалтнууд юм. Та бид бүгд адил. Үндсэн цалин, онцгой нэмэгдлийн 30 хувиас өөр юу ч байдаггүй. Цаашид энэ байдлыг тодорхой бодлогоор авч үзэх болов уу.
- Багийн удирдлагуудын нэгдсэн семинарийг энэ бүрэн эрхийн хугацаанд ганц удаа л хийнэ. Харин бүсчилсэн сургалт, туршлага судлах ажлыг хоёр жилд нэг удаа хийнэ гэсэн бодол байна. Харин багийн ажлыг дүгнэх журмыг шинэчилж гаргаад шалгарсан багийн даргыг гадаадад явуулах нь зүгээр гэж үзэж байгаа. Бөөнд нь бол явуулж чадахгүй гэх зэргээр хариуулсан юм. Түүнчлэн ажлынхаа арга барилыг эрс өөрчлөх, хүндээ хүрч ажиллах, өөрийг хөгжүүлэх шаардлага тулгарч байгааг сануулж, улс төржихгүй байх, ах дүүсдээ илүү үйлчлэхгүй байх, айл өрхөөр явахдаа архи уугүй байх гэхчлэн хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн бөгөөд аймгийн зүгээс багийн дарга нарын ажиллах нөхцөл боломжийг хангах, сайн ажилласан тохиолдолд шагнан урамшуулахад онцгойлон анхаарахаа амлалаа.
Нэгдсэн сургалтын дараа багийн хөгжил, дэвшилд тодорхой хувь нэмэр оруулан олон жил үр бүтээлтэй ажилласан дарга нарыг шагнан урамшуулсан юм. Засаг захиргааны анхан шатны нэгж баг, зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, төрийн болон урлагийн үйлчилгээг иргэдэд хүргэх талаар амжилт гарган ажиллаж байгаа Арвайхээр сумын Рашаант багийн Засаг дарга Рэндоогийн Лүндэнбазар, Хайрхандулаан сумын “Марзат” багийн Засаг дарга Мишигийн Цэрэнлхагва нарыг Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит “Төрийн шилдэг түшээ”-ээр шалгаруулж “Хүндэт тэмдэг”, “Гэрчилгээ”, мөнгөн шагналаар шагнасан бол Арвайхээр сумын “Арвайхээр” багийн Засаг дарга Д.Буянтогтох, Зүүнбаян-Улаан сумын “Эмгэд” багийн Засаг дарга И.Найдан нарыг аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”-өөр, Богд сумын “Өлзийт хошуу” багийн Засаг дарга С.Адшаа, Гучин-Ус сумын “Аргалант” багийн Засаг дарга Ш.Цэрэнтогмид, Тарагт сумын “Урт” багийн Засаг дарга Х.Гомбодорж, Хархорин сумын “Ганган-Орхон” багийн Засаг дарга Д.Ганхуяг нарыг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагнан урамшууллаа.
Мөн бүх багийн Засаг дарга нарыг төрийн үйлчилгээг иргэдэд чанартай хүргэхэд нь дэмжлэг үзүүлж, компъютер, принтер, өсгөгч зэрэг техник хэрэгслийг гардуулан өгсөн юм.