Бүх сумдын Засаг даргын Тамгын газар болон Үйлчилгээний нэгдсэн төвд төрийн мэдээлэл солилцооны “Хур систем”-ийг нэвтрүүлж байна.
“Хур систем”нь мэдээллийн технологийн дэвшилтэт боломжид тулгуурлан төрийн байгууллагуудын иргэн, аж ахуй нэгжид олгодог лавлагаа, үйлчилгээний хүсэлтийг системээр хүлээн авч шийдвэрлэлтийн явцын мэдээлэл, үр дүнг цахимаар олгож төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл явцыг ил тод болгох, төрийн албаны ачааллыг хөнгөвчлөх зорилготой үйлчилгээ юм. Энэхүү системээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүнд сурталгүй, түргэн шуурхай, ил тод байдлаар хаанаас ч, хэзээ ч хүлээн авах боломжтой болж байгаа юм.
“Хур систем”-ийг нэвтрүүлснээр иргэд харьяалал харгалзахгүй аймгийн аль ч нутаг дэвсгэрээс төрийн үйлчилгээг нэг дороос авах нөхцөл бүрдэж байгаа ба эхний шатанд 11 байгууллагын 54 үйлчилгээг нэвтрүүлэх юм.