Өсвөр үеийнхэн, залуучуудын ур чадварыг хөгжүүлэх төслийг удирдан зохион байгуулах аймгийн зөвлөл анхны хурлаа хийв.
Өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох замаар сурлагын чанарыг сайжруулж, цаашлаад хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэхэд чиглэсэн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” төсөл манай аймагт хэрэгжиж эхлээд байна.
Тус төслийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах, удирдан чиглүүлэх, хяналт тавих үүрэг бүхий “Төслийн аймгийн зөвлөл”-ийг аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан. “Төслийн аймгийн зөвлөл” өчигдөр /2020.05.21/ анхны хурлаа хийж, зөвлөлийн жилийн төлөвлөгөөгөө боловсруулж, зорилтот сумдад ажилласан талаар санал бодлоо солилцлоо.
Энэхүү төсөл нь Бат-Өлзий, Богд, Гучин-Ус, Хархорин, Хужирт, Сант, Уянга сумдад 2023 он хүртэл хэрэгжих бөгөөд сургууль завсардсан, ажилгүйдэлд өртөх эрсдэлтэй 14-25 насны хүүхэд залуучуудыг хамруулах юм.
Төсөл хэрэгжсэнээр тодорхой түвшинд зохих шийдвэрийг гаргах чадвартай сурагчид, цаашлаад 25 хүртэлх насны залуучууд бий болох юм.
Төслийн зорилтууд:
- Хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох шинэлэг хэлбэрийн сургалтын хөтөлбөрийг өсвөр үеийн хүүхэд, залуучуудын оролцоотой боловсруулж, орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төвтэй хамтран хэрэгжүүлнэ.
- Сургалтын хөтөлбөрөөс олж авсан мэдлэг чадвараа бодитоор туршихад нь дэмжлэг үзүүлэн, хүүхэд залуучуудын боловсруулсан бичил төслийг санхүүжүүлнэ. Түүнчлэн тэдэнд менторшипийн дэмжлэг үзүүлж, туршлага солилцох уулзалт зохион байгуулна.
- Төслийн үр дүнтэй хэрэгжилт, тогтвортой байдлыг хангах орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, нөлөөлөл, олон нийтийн кампанит ажлуудаар дамжуулан төслийн сайн туршлага, үр дүнг бусад орон нутгуудад түгээн, энтрепренершипийн боловсролыг дэмжих бодлогын орчныг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.