• Албан ёсны цахим хуудас
Монголын түүхэнд анх удаа 1000 хүүхэд оролцсон “Би бүжиглэх дуртай” наадмыг зохион байгуулах гэж байна

Өвөрхангай аймгийн Боловсрол Соёлын газрын дарга Док /Pc/ Б.Мөнхжаргал:

2013 оны хичээлийн жил дуусч, сурагчид сургуулиа төгсөх, элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх, хонхны баяраа тэмдэглэх гээд боловсролын салбарт ихээхэн ажил өрнөсөн энэ үед аймгийн Боловсол Соёлын газрын даргатай уулзаж, цөөн зүйлийг тодрууллаа.

 

-       Энэ хавар аймгийн хэмжээнд хичнээн хүүхэд ахлах анги төгсөж байна вэ?

-       ЕБС-иудын ахлах ангийн сурагчдын анги дэвших, төгсөх шалгалтууд ид явагдаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалт 6 сарын 14-16 өдрүүдэд болно. Шалгалтанд орох хүүхдүүдийн бүртгэл 2 сарын 1-ээс 4 сарын 15 хүртэл үргэлжилсэн. Энэ жил аймгийн хэмжээнд 9 дүгээр ангийг өдрөөр 2173, 11 дүгээр ангийг 1474, нийт 3650 хүүхэд төгсөж байна.  Дүйцсэн хөтөлбөрөөр 9 дүгээр ангийг 141, 11 дүгээр ангийг дүйцсэн болон эчнээгээр 160 хүүхэд нийт 301 хүүхэд төгсөж байна. Нийт дүнгээр бол 3951 хүүхэд төгсөж байгаа.  Эдгээр хүүхдүүд бараг 100 хувь элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн.

-       2013 оны хичээлийн жил дуусах дөхөж байна. Оны эхэнд тавьсан зорилго, төлөвлөгөөгөө хэр биелүүлэв?

-       Энэ хичээлийн жилд боловсролын салбарт томоохон зорилтуудыг тавьсан. Үүнээс дурьдвал “Авъяас” хөтөлбөр манай аймагт амжилттай хэрэгжиж байна. Таван чиглэлийн 144 төрлийн авъяас хөгжүүлэх дугуйлан, сургалтанд 4900 гаруй хүүхэд амжилттай сайн  хамрагдаж байгаа. Хичээлийг манай аймгаас төрж гарсан урлаг, соёл, спорт, шинжлэх ухаан гээд салбар салбарын тэргүүлэх хүмүүс зааж байгаа юм. Бид 6 сарын 1-ний үед энэ ажлыг дүгнэж, багш нартаа цалин хөлсийг олгоно.

“Ном” хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүллээ. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь хүүхдүүд ном уншиж сурах, номонд дурлах, уншсан номынхаа агуулгыг зөв ойлгож сурахад оршиж байгаа юм.  Хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймгаас хүүхдийн ном бүтээж БШУЯ-нд хүргүүлээд байна.

“Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд БШУЯ, Багшийн мэргэжлийг дээшлүүлэх институцитэй тохироод байна. Аймгийн хэмжээнд ажиллаж байгаа 1200 багшийг 120 хүнтэй 10 бүлэг болгож, хуваарилаад 6 сарын 17-оос 7 сарын 7 хүртэл хүүхдийг хоцрогдолгүй сургадаг сургалтын арга барил, чанар, технологийг эзэмшүүлэх сургалтанд хамруулна. Үлдсэн багш нарыг шинэ хичээлийн жилийн эхэнд оролцуулахаар төлөвлөөд байна. Дэлхийн болон Монголын боловсрол судлаач эрдэмтдийн үзэж байгаагаар хүүхэд болгонд 40 гаруй төрлийн төрмөл авъяас бий. Бага насанд нь л тэр авъяасаас ядахдаа 2-3-ыг  илрүүлж, хөгжүүлээд ирэхээр хүүхэд бусад хичээлдээ идэвхи сонирхолтой, сайн болдог, төлөвшдөг юм байна.  Тийм учраас хүүхэд бүрийг авъяас дээр нь түшиглэн хичээлийн хоцрогдлыг арилгах арга зүйн мэдлэгийг бүх багш нартаа эзэмшүүлэхээр энэ сургалтыг зохион байгуулах юм. 

-       “Авъяас” хөтөлбөрийн хүрээнд 1000 хүүхдийн бүжгийн наадмыг зохион байгуулна гэсэн үү?

-       Өвөрхангайн төдийгүй Монголын түүхэнд анх удаа 1000 хүүхэд оролцуулсан “Бид бүжиглэх дуртай”  сэдэвт арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын комисс томилогдсон. Ажлын голыг Боловсрол, соёлын газар “үүрч” ажиллаж байна.  Ер нь бол манай аймагт бүжгийн авъяастай, сонирхолтой 5000 хүүхэд бэлэн байгаа. Тэдгээрээс шилээд 1000 хүүхдийг хамруулах юм. Энэ арга хэмжээг  2013 оны 6 сарын 7-нд Арвайхээр хотод зохион байгуулахаар ЕБС-ийн багш нар, сумдын Соёлын төвийн эрхлэгчид, аймгийн ХДТ-ын уран бүтээлчид, БСГ-ын мэргэжилтнүүд бүгд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ үеэр зөвхөн бүжиг бүжиглэх биш, БСГ-аас авъяас хөгжүүлэхэд чиглүүлж хийсэн бүхий л ажлаа эцэг эхчүүдэд тайлагнаж, хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргана. Спортын чиглэлээр хүүхдүүд үзүүлбэр, тоглолтуудаа хийнэ. Энэ цогц арга хэмжээнд БШУЯ, Соёлын яам, соёл урлагийн бусад байгууллагууд, сумдын Засаг дарга, ЕБС-ийн захирлууд, иргэдийн төлөөлөл гээд маш олон хүн оролцоно.

-       Төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах зорилтын хүрээнд эхний ээлжинд боловсролын байгууллагуудыг камержуулаад байгаа. Үүний үр дүн гэвэл юуг хэлэх вэ?

-       “Төрийн үйлчилгээний шинэчлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд боловсролын салбарт олон шинэ ажил төлөвлөсөн. Багш нарын харилцаа хандлага, ёс зүйг  сайжруулах,  угтах, үдэх үйлчилгээг нэвтрүүлэх гээд... Үүний нэг нь ЕБС, СӨБ-ыг камержуулах ажил юм. Хөрөнгө мөнгө шаардсан том ажил учраас эхний ээлжинд Арвайхээр сумын ЕБС, цэцэрлэгийг  камержуулаад байна. Энэ ажилд эцэг эхчүүд, багш нар, удирдах хүмүүсээс санал нэг хандаж байгаа. Цэцэрлэгт хүүхэд самардуулсан, бэртсэн, зүүсэн лент нь алга болчихсон, ангийн багш нь байхгүй байсан, хоолоо идсэн, идээгүй  гээд олон асуудал гардаг байсан. Камер тавигдсанаар энэ хэл ам эрс дарагдаж байна л даа. Мөн багш ажлаас хөндийрөхгүй, хүүхдүүдтэй зөв харьцдаг болох гээд сургалт, хүмүүжлийн эерэг талууд гарч байгаа.

Сумдаас Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Хужирт сумын ЕБС-иуд  өөрсдийн нөөц боломжоо ашиглаад камержуулах ажлыг хийж байна. Энэ ажилд аймгаас зардлын 50 хувийг гаргасан.  Цаашид хөрөнгө санхүүгийн боломж муу байгаа учраас бусад сумдын сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн нөөц боломжоор камержуулах ажлыг хийнэ. Маргааш ЕБС-ийн захирал, СӨБ-ын эрхлэгч нарын сургалт, зөвлөгөөнтэй. Энэ үеэр камержуулалтын ажлыг хэрхэн үргэлжлүүлэх талаар зөвлөлдөнө гэсэн бодолтой байна.

-       Төгсөх ангийнханы хонхны баяр сая болж өнгөрлөө. “Мөнгө хурааж байна” гэсэн гомдол аймгийн 7032-1111 шуурхай утсанд нэлээн ирсэн. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллав?

-       Боловсролын салбарын талаар янз бүрийн гомдол эцэг эхчүүдээс байнга ирдэг. Бид хонхны баярыг мөнгө хурааж тэмдэглэхийг хориглоод байна.  Мөнгө татах асуудалд БСГ-аас анхаарч байгаа. Шинэ жилээр ч мөнгө татаж нүсэр арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон.  Хонхны баяраар мөнгө татсан гэх хэл ам гайгүй. Харин сургууль, цэцэрлэгийн засварт мөнгө авлаа гэсэн гомдол ирснийг шалгаж, арга хэмжээ авч байна. Үнэндээ бол төрөөс сургууль, цэцэрлэгт урсгал болон иж бүрэн засвар хийх хөрөнгө олгож чадахгүй байгаа. Тийм учраас зарим эцэг, эхчүүдийн зөвлөл санаачлаад сургуулийн үйл ажиллагааг дэмжих ажил зохион байгуулдаг. Зарим нь үүнийг эсэргүүцдэг. Хуулиндаа бол хүүхдээс мөнгө татах ёсгүй гэж заасан учраас мөнгө татахыг хориглоод байгаа.

-       Сургуульд захирлаар олон жил ажиллаж байгаа, тэр хэрээр сургуулиа хувийн “компани” шиг болгочихсон захирлуудыг аттестатчилна гэж аймгийн Засаг дарга мэдэгдэж байсан. Энэ ажил юу болсон бэ?

-       Аймгаас  боловсол, соёлын байгууллагуудад дөрвөн жилд нэг удаа хяналт шинжилгээ, үнэлгээ хийдэг юм. Хяналт шинжилгээ, үнэлгээ гэж байгаа боловч энэ ажлын 80 хувь нь зөвлөн туслах үйлчилгээ байдаг л даа. 20 хүртэл хувьд нь шалгадаг. Энэ ажлыг хийгээд дууслаа. Төгрөг, Баянгол, Нарийнтээл, Хайрхандулаан, Тарагт, Уянга сумын Жаргалант багийн дунд сургуульд хяналт шалгалт хийгээд  дууслаа. Цаашид авах арга хэмжээ, үүрэг чиглэлийг сумдын Засаг дарга, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад хүргүүлсэн.

                                                                                                                                                                                                                    Ярилцсан Б.Батчимэг

2013-05-14 20:26:46