2012 оны УИХ-ын сонгуулиас хойш жил орчмын дараа Өвөрхангайчууд төрийн суудалд бүрэн төлөөлөлтэй боллоо. Гэвч энэ нь Өвөрхангайн дийлэнхи иргэдэд таалагдсангүй. Учир нь сонгуульд МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг 23494 буюу 48 хувийн санал, Н.Төмөрхүү 21267 буюу 43 хувийн санал авч, ялалт байгуулсан ч 19939 буюу 40 хувийн санал авсан Г.Батхүү, 16795 буюу 34 хувийн санал авсан Д.Зоригт нар УИХ-ын гишүүнээр батлагдан тангараг өргөөд байгаа юм.
Улс төрийн булхайтай энэ байдалд эгдүүцсэн 500 гаруй иргэн 5 сарын 15-ны өдөр Аюуш баатрын талбайд жагсаж, ард түмний сонголтыг хүндэтгэхийг УИХ, Засгийн газар, Шүүх засаглалаас шаардлаа. Цуглаанд Сонгогчдын эрхийг хамгаалах түр хорооны гишүүд, МАН-ын Нарийн бичгийн дарга, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат, аймгийн МАН-ын хорооны удирдлагууд оролцож, хөдөө сумдаас иргэдийн төлөөлөл иржээ. Жагсаалд оролцогчид “Г.Батхүү, Д.Зоригт нар Өвөрхангайд ирэх нүүргүй”, “Ялалт байгуулсан нь ялтан болж, ялагдсан нь гишүүн боллоо”, “Хууль гууль боллоо”, “Зоригтоо малчдыг гуйлгачин болгосноо мартаа юу”, “Арван жил төр барьсан Батхүү ард түмнийг архинд живүүллээ”, “Ардчилсан нам ардчиллыг булшиллаа”, “Түмний сонголтоор биш түрэмгийллийн аргаар гишүүд боллоо” зэрэг олон арван лоозон барьсан байв. Түүнчлэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг насанд хүрээгүй хүүхдүүдийг сонгуулийн үйл ажиллагаанд оролцуулсан гэж байгаа бол Г.Батхүү, Д.Зоригт нар сонгуулийн ажил эхлэнгүүт мөнгө тарааж, тэр нь нийт дүнгээр 168 сая төгрөг болсон гэдгийг хэлэх хүн ч олон байлаа.
Жагсагчид Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэх шийдвэр гаргасан Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч. Содомцэрэнг огцруулах, ард түмний сонголтоор бус шүүхийн шийдвэрээр УИХ-д суусан хоёр гишүүнийг эргүүлэн татах эсвэл сайн дураараа огцрох зэрэг шаардлагыг бичин гарын үсэг зурж, УИХ болон Монгол улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болсон бөгөөд Аюуш баатрын талбай дээр гэр барьж, СЕХ болон Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах ажилд санал нэгтэй байгаа иргэдээс гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлсэн юм. Сонгогчдын эрхийг хүндэтгэж асуудлыг зүй ёсоор шийдтэл улс төрийн тэмцэл хийнэ гэдгээ Түр хорооныхон мэдэгдлээ.
Мөн өдрийн орой аймгийн Ардчилсан намаас хэвлэлийн бага хурал зарлаж, Г.Батхүү, Д.Зоригт нар нь хууль зөрчөөгүй, шинэ батлагдсан хуулийн дагуу УИХ-ын гишүүн болсон гэдгийг олон нийтэд мэдээлсэн юм.