• Албан ёсны цахим хуудас
УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР 18 МЯНГА ОРЧИМ МОД, БУТ ТАРЬЖЭЭ

     Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Бүх нийтээр мод тарих өдрүүд”-ийг Өвөрхангай аймагт 5 сарын 11-15  хүртэл хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. Энэ хүрээнд “Ногоон орчин - эко бүтээгдэхүүний аян”-ы нээлтийг хийсэн ба Хархорин, Хужирт, Арвайхээр хотод тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, таван аж ахуйн нэгжээс тарьц суулгац, үр бордоо, багаж хэрэгсэл, цэцгийн үрсэлгээ борлуулсан юм. Мөн мод бут тарих, арчлах услах, зөвлөгөө өгөх сургалтыг “Иргэний танхим” болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зохион байгуулж, Арвайхээр хотын төв зам, нийтийн эзэмшлийн 8 хэсэг талбай, Бүрд сумын Шарлинд  улсын чанартай авто замын дагуу ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлэн  мод сөөг тариалжээ. Тус арга хэмжээнд урьдчилсан дүнгээр нийт 98 аж ахуйн  нэгж, байгууллага, 5542 иргэн оролцож 4903 ширхэг мод, 12297 ширхэг бут сөөг буюу нийт 17200 ширхэг мод бут тарьсан байна.
    2013-2016 онд  Өвөрхангай аймаг “Ногоон хөгжлийн загвар аймаг” болох зорилт тавьж, аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд төв суурин газрыг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийн хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлэх  зорилтыг  мөрийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байгаа юм. Зорилтын хүрээнд Арвайхээр хотод бичил ногоон байгууламж, сумын төвүүдэд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, ногоон байгууламжид  ажиллагсдыг  мэргэжил олгох сургалтад хамруулах, “Эзэнтэй монгол” хөтөлбөрийн шугамааар хэрэгжүүлж буй ногоон ажлын байр бий болгох төсөлд  иргэдийг хамруулж,  урамшуулал цалин олгох ажлыг аймгийн БОАЖГ, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтарч зохион байгуулж байна.  
      Бүх нийтээр мод тарих өдрүүдийг уламжлал болгон хэвшүүлснээр иргэд оршин суугаа хашаагаа цэцэрлэгжүүлж, зүлэгжүүлэх,  мод бут тарих сонирхолтой,  идэвхи санаачилгатай болсон нь ажиглагдаж байсан юм.

2013-05-16 00:43:40