• Албан ёсны цахим хуудас
ЭЛС, ХАЙРГЫГ ГЭРЭЭТЭЙ БАЙГУУЛЛАГААС АВЧ АШИГЛАХЫГ ЗАХИРАМЖИЛЛАА

   Дулааны улирал ирж, байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэд барилга, байшин барих ажилд “хошууран” тэр хэрээр элс, хайргыг  зөвшөөрөлгүй газраас авах, стандартын шаардлага хангахгүй түүхий эдээр барилгын материалын үйлдвэрлэл явуулах зөрчил гарч байгаа.

     Тиймээс аймгийн Засаг даргын “Элс, хайрга ашиглуулах тухай” захирамж гарч, Монгол улсын Байгаль хамгаалах тухай хуулийн 16.2.1 дэх заалт, Газрын хэвлийн тухай хуулийн 7.2.1 дэх заалтыг хэрэгжүүлэхийг шаардаад байна. Захирамжинд улс, орон нутгийн төсөв, төсөл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шинээр барих, сэргээн засварлах зам, барилга, бүтээн байгуулалтын ажилд элс, хайрга, байгалийн чулууг голын гольдрол, замын хажуу зэрэг зөвшөөрөлгүй газраас авч ашиглахыг хориглосон бөгөөд Баянгол сумын нутаг “Улаан нуур”-ын элсний карьер, хайргыг Арвайхээр сумын “Бутлуур хайрга”-ны  үйлдвэрээс тус тус авч ашиглахыг заажээ.

     Мөн Баянгол сумын нутаг “Улаан нуур”-аас элс ашиглах гэрээг “Буянтдов” ХХК-тай, Тарагт сумын “Арвайн тал”-аас хайрга ашиглах гэрээг “Алтан Ёндоо” ХХК, “Баянхангайн орд” ХХК-тай, Тарагт сумын “Эхэн бүрд”-ний карьераас хайрга ашиглах гэрээг “ӨВ-АЗЗА” ТӨХК-тай, Зүүнбаян-Улаан сумын нутаг “Хүрэн хошуу”-аас хайрга ашиглах гэрээг “Тал булаг илч” ХХК-тай байгуулж ашиглахыг Тарагт, Баянгол, Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга нар даалгасан байна.  

    Гэрээ байгуулан ажиллаж буй компаниудын удирдлагуудад ашиглагч байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийг чанар, стандартын шаардлага хангасан элс, хайргаар тасралтгүй хангаж, нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийх, бэлтгэн нийлүүлэх үнийг бодитоор тогтоон, тогтвортой байлгах бодлого баримталж ажиллахыг даалгасан юм.

    Захирамжийн хэрэгжилтийг хангаж, зөвшөөрөлгүй газраас элс, хайрга авч ашиглах явдалд аймгийн МХГ, БОАЖГ, сумдын Засаг дарга нар хяналт тавин ажиллаж байна.

2013-05-17 01:50:37