Төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Сангийн яам, Төрийн албаны зөвлөл хамтран “Төрийн албаны цалингийн нэгдсэн систем”-ийг улс орон даяар нэвтрүүлэхээр бэлтгэл ажлууд хийгдэж байна.
Төрийн албан хаагчийн орон тоо, цалин хөлсний зардлын төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилгоор төрийн албаны хүний нөөцийн мэдээлэлд суурилсан төрийн албаны цалингийн нэгдсэн системийг 2020 оны 5 дугаар сараас бүх шатны төсвийн байгууллагад үе шаттайгаар нэвтрүүлэх тухай Засгийн газрын шийдвэр гарсан.
Энэ хүрээнд “Төрийн албаны цалингийн нэгдсэн систем”-ийг Өвөрхангай аймгийн бүх төсвийн байгууллагуудад нэвтрүүлэх, системийн хэрэглээг тогтмолжуулах сургагч багш нар бэлтгэгдэж эхэллээ. Сургагч багш бэлтгэх сургалт энэ сарын 6-наас 12-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж байна.
Бэлтгэгдсэн сургагч багш нар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх төсвийн байгууллагын нягтлан бодогч нарт уг системд цалин хөлсийг тооцоолох арга зүй, ойлголтыг зааж сургах юм.