• Албан ёсны цахим хуудас
САНАЛЫН ХУУДАС ХЭВЛЭЖ ДУУСААД САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАМТ АЙМГУУД РУУ ТҮГЭЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-д 6-р сарын 7-ны өдрөөс, “Таван богд менежмент” ХХК-д 6-р сарын 8-ны өдрөөс эхлэн хэвлэж эхэлсэн бөгөөд саналын хуудасны хэвлэх ажил дуусч, саналын хуудсыг хуульд тавигдсан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, шалгах, хэвлэгдэн бэлэн болсон саналын хуудсуудыг хайрцаглан битүүмжлэх ажил хийгдээд өнөөдөр эхний аймгууд руу түгээх ажил эхэллээ.

Сонгуульд оролцож буй нам, эвслийн ажиглагчид саналын хуудас хэвлэх, хүлээлгэн өгөх ажлыг ажиглаж, хэвлэх саналын хуудасны эхийг ажиглагчдаар хянуулан гарын үсэг зуруулж баталгаажуулсан.

Эх сурвалж: https://gec.gov.mn/

Саналын хуудас хэвлэх ажилтай зэрэгцэн санал тоолох төхөөрөмжийг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээжүүлэх ажил хийгдэж байгаа юм. Уг ажлыг төрийн байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг гүйцэтгэж, сонгуульд оролцож байгаа нам, эвслээс томилогдсон ажиглагчид ажиглахаас гадна “МИДАС” төрийн бус байгууллага хөндлөнгийн хяналт хийж байгаа юм.

2020-06-12 12:38:12