• Албан ёсны цахим хуудас
Ундны усыг халдваргүйжүүлэх ажил хийгдэж байна

Хоолны давсыг усанд уусган хлор гарган авч, ундны усыг халдваргүйжүүлэх ажил хийгдэж байна.Хоолны давсыг усанд уусган хлор гарган авч, ундны усыг халдваргүйжүүлэх ажил хийгдэж байна. Энэ талаар "Өвөрхангайн мэдээ" сонины редакциас "Усны зөн" ХХК-ийн инженер Ж.Батсүхтэй уулзаж тодруулсныг хүргэж байна.

- Арвайхээр сумын иргэдийн ундны уснаас хлор амтагдаж, үнэртэж байна гэсэн гомдол их гарч байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

- Ус хэрэглэгчид маань унд, ахуйн хэрэгцээний усыг ашиглах, хэрэглэх үед ахуйн бохирдлоор бохирдох, элдэв бактер, нян, вирусээр бохирдох боломжтой байдаг. Энэ бохирдлоос хамгаалж усыг халдваргүйжүүлдэг. Манай компани энэ ажлыг шинээр нэвтрүүлж, Арвайхээр суманд хийж эхэлж байгаа юм.

- Ямар аргаар ариутгал, халдваргүйжүүлэх ажлыг хийж байгаа вэ?

- Усыг халдваргүйжүүлэх олон арга байдаг. Буцалгах, нарны гэрэлд байлгах, хэт ягаан туяагаар шарах, азоны хийгээр ариутгах, хлорын шохойн уусмал болон хийгээр ариутгах гэх мэт. Манайх хоолны давснаас хлор гарган авч ундны усыг халдваргүйжүүлэх ажлыг хийж байгаа юм. Сүүлийн үед дэлхий нийтэд хэрэглэгдэж байгаа хамгийн үр дүнтэй, эрүүл мэндэд элдэв гаж нөлөөгүй арга бол энэ. Хоолны давсыг усанд уусгаж, тэр уусмалаа электролизын аппарат дундуур оруулж урвалд оруулснаар Na-гипохлоридын халдваргүйжүүлэх уусмал гарган авч, түүнийгээ тодорхой хэмжээгээр усанд дозлох ариутгалын арга юм л даа. Энэ аргыг нэвтрэхээс өмнө БНХАУ, ОХУ-аас хлорын шохой авч хэрэглэдэг байсан бол одоо дотооддоо үйлдвэрлэсэн хүнсний давсаа уусгаад халдваргүйжүүлэх шингэн гаргаж авч байгаа нь гаднаас хамааралгүй болж, импортын химийн бодисын хэрэглээг багасгаж байгаа сайн талтай.

- Усанд байх ёстой хлорын хэмжээ их байна гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ талаар ярьвал...?

- Халдваргүйжүүлэлт хийсний дараа усан дахь үлдэгдэл чөлөөт хлорын хэмжээ болон нян судлалын үзүүлэлт нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ундны усны чанар, аюулгүй байдлын шаардлагын стандартад зааснаас ихгүй байх ёстой. Энэ хэмжээ нь хамгийн эцсийн хэрэглэгч буюу хамгийн хол хэрэглэгч дээр 0.3 мг/л байх ёстой. Манайх энэ төхөөрөмжийг суурилуулж, туршилт тохируулгын ажлыг энэ 2-3 хоногт хийж байгаа. Энэ хугацаанд усан дахь үлдэгдэл хлорын хэмжээ 0.35-0.4 мг/л тэй байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ буюу 0.5 мг/л-ээс ч бага байгаа юм шүү дээ. Тиймээс хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй.

- Ундны усанд хлор байгаа нь ямар ашигтай вэ...?

- Ундны усанд үлдэгдэл, чөлөөт хлор байгаа нь дараах зүйлийг харуулж байдаг.
1) Усанд суулгалт өвчнийг үүсгэдэг бактери, зарим вирусын идэвхижлийг бууруулахын тулд хангалттай хэмжээний хлор агуулсан байгааг.
2) Усыг гэрийн нөхцөлд удаан хугацаагаар (2-3 хоног) хадгалах үед дахин бохирдохоос хамгаалдсан байна гэдгийг илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл: ундны усанд чөлөөт хлор байгаа нь ихэнх өвчин үүсгэгч организм усанд байхгүйг, уг усны эх үүсвэр аюулгүй, найдвартай, стандарт шаардлага хангасан байгааг харуулж байгаа хэмжүүр юм гэж ойлгох хэрэгтэй.

- Усны амт, үнэр хэд хоногт арилах вэ...?

- Туршилт тохируулгын үед бага зэрэг үнэртэх, амтагдах асуудал гарна. Гэхдээ ннэ нь хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй шүү гэдгийг хэлэхийг хүсэж байна. Ер нь олон жил болсон шугам хоолой битгий хэл шинэ тавьсан шугам хоолойд хүртэл нян бактер үржих таатай нөхцөл бүрэлддэг. Бид эхний удаа тунлалтын хэмжээг бага зэрэг нэмж өгсөн нь ус хангамжийн систем, тэр дотроо усан сан, гадна болон дотор шугам хоолойг ариутгаж байгаа ажил юм. Үүнээс цааш үнэртэх, амтагдах асуудал гарахгүй.

- Ярилцсанд баярлалаа.


 

2020-08-28 11:00:48