Зөвлөгөөнд 14 яам болон 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төрийн байгууллагын ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилладаг төрийн захиргааны албан хаагчдын төлөөлөл болсон нийт 120 албан хаагч оролцож байна. Ковидын халдвараас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн дагуу уг зөвлөгөөнийг нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдад хүртээмжтэй байлгах зорилгоор 21 аймаг, 330 сумын төрийн байгуулагуудад цахим системээр шууд дамжуулан хүргэж байна.
Зөвлөгөөнд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич Эмерит профессор С.Нарангэрэл болон бусад эрдэмтэн судлаачид төрийн албан хаагчийн ёс зүйн талаар илтгэл тавин оролцоно.
Тус зөвлөгөөнийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн дэмжлэгтэй зохион байгуулж байгаа бөгөөд төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс сэргийлэх талаар нэгдмэл ойлголтод хүрэх зэрэг үр дүнг гаргахаар төлөвлөж байгаа юм.
Энэхүү нэгдсэн зөвлөгөөнийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрийн үйлчилгээний байгууллага, 14-ний өдөр Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага болон Засгийн газрын агентлагийн ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд үргэлжлүүлэн зохион байгуулна.