• Албан ёсны цахим хуудас
ЗАЛУУСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДАЛ ДЭЭШИЛСЭН

Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа М.Дэлгэрсайханаас ойрын үед хийж, хэрэгжүүлсэн болоод хийхээр төлөвлөж байгаа ажлуудынх нь талаар товч асуулаа.

Энэ оны эхний хагаст танай Цэргийн штаб төлөвлөсөн ажлаа хэрхэн амжуулж байна вэ?

-Бидний зүгээс нэлээд ажил төлөвлөсөн боловч дэлхий нийтэд тархаад буй цар тахлын улмаас төлөвлөсөн ажлууд хойшлогдож, хэрэгжилт нь удаашраад байна. Энэ жилийн хувьд Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд сурталчлан таниулахад чиглэсэн чухал ажлуудыг төлөвлөөд байсан. Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд бүх сумдын Засаг дарга, ЗДТГ-тай хамтраад өнгөрсөн оны эцэс гэхэд сумдын Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг бичмэл болон зурмал хэлбэрээр батлуулсан. Цаашдаа сумдын удирдлагууд гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу иргэддээ сургалт явуулах, томилгоот бүрэлдэхүүнийг оногдуулан данслах зэрэг ажлыг хийнэ. Үүний дараа бид томилгоот бүрэлдэхүүний жигдрэлтийг хангах сургалт явуулна. Уг сургалтыг энэ ондоо багтааж зохион байгуулах болно. Түүнчлэн Засгийн газрын хүүхэд, залуусыг цэрэг-эх оронч үзлээр хүмүүжүүлэх үндэсний хөтөлбөртэй уялдуулсан нэлээд ажлыг төлөвлөсөн бөгөөд хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна.

Батлан хамгаалахын хууль тогтоомжийг сурталчлах ажлын хүрээнд юу хийж байна вэ?

-Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийг сурталчлах үүднээс аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, Төрийн бус байгууллагуудтай хамтран олон ажлыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, төрийн цэргийн байгууллагуудын ажилтан алба хаагчдад Батлан хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг хэрхэн хангаж байгаа талаар шалган туслах ажлыг явуулж, мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулсан. Мөн хүүхэд, залуус руу чиглэсэн ажлыг ч идэвхтэй явуулж байгаа. Ялангуяа, цэргийн албаны онцлог, давуу талыг сурталчлан таниулсан зурагт самбар, телевизийн богино хэмжээний шторк зэргийг хийж, аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталчиллаа. Мөн сурагчдын дунд асуулт, хариултын тэмцээн, зохион бичлэгийн уралдааныг цахимаар явуулсан.
“Монгол цэргийн нэгдсэн холбоо”, “Монгол хурандаа” нийгэмлэгийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлүүдийн дэмжлэгтэйгээр Ерөнхий боловсролын сургуулиудын дунд цэрэг-спортын “Дөл” тоглолт, эсээ бичлэгийн уралдааныг явуулах болон хүүхэд, залуусыг Зэвсэгт хүчний ангийн үйл ажиллагаатай танилцуулах зэрэг ажлын бэлтгэлийг бүрэн хангасан.
Аймгийн удирдлагуудтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-Дан ганц бид ч гэлтгүй тус аймагт байрлах Зэвсэгт хүчний анги, салбарын зүгээс аймгийн удирдлагуудтай хамтран ажиллах талд онцгой амжилт гаргасан. Орон нутгийн удирдлагууд маань Зэвсэгт хүчний анги, салбарын үйл ажиллагаа, бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах орчин, нөхцөл, нийгмийн хамгааллыг сайжруулах үүднээс жил болгон тодорхой ажлуудыг хийсээр ирсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд өмнө нь тус аймгийн Засаг дарга байхдаа буюу энэ оны 3 дугаар сард Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаад тус ангийн чухал объектуудыг камержуулж, хяналтыг нь сайжруулах санхүүжилтийг орон нутгийн төсвөөс гаргуулж чадсан. Одоо аймгийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч О.Батжаргал нь ЦНДС-ийг ерөнхий цэргийн офицер мэргэжлээр төгссөн, бэлтгэл дэд хурандаа цолтой хүн бий. Тиймээс бидний ажлыг ойлгож, хамтран ажиллах талд ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа гэдгийг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Цэргийн насны залуусын эрүүл мэндийн тухайд ...
-Нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаа амжилттай зохион байгуулсан. Цэрэгт тэнцэх залуусын эрүүл мэндийн байдал өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад 2,5 хувиар дээшилсэн. Мөн нэг, хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүдтэй явуулах сургалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Цар тахлын улмаас энэ ажил тодорхой хугацаанд хойшлогдоод байгаа.
Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх талаар ямар ажлууд хийж байгаа вэ?
-Саяхан Хилийн цэргийн холбогдох бүрэлдэхүүн цэргийн гэрээт албыг аймагт сурталчлаад явлаа. Цэргийн штабт цэргийн албанд элсэхийг хүссэн иргэдийн өргөдөл ихээр ирдэг. Жилд 20 гаруй хүн цэргийн гэрээт албанд элсдэг бөгөөд үүний 60 гаруй хувь нь Зэвсэгт хүчинд алба хаадаг. Зэвсэгт хүчний 256 дугаар ангид гэхэд энэ жил 10 залуус цэргийн гэрээт албанд элссэн. Мөн Зэвсэгт хүчний 013, 120, 330 дугаар ангид алба хааж байгаа бол Хилийн цэрэгт жилдээ мөн 10 гаруй хүн цэргийн гэрээт албанд элсэж байна. Энэ мэтээр аймгийн иргэдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэн иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж байна.
Түүнчлэн өнгөрсөн онд тохиосон “Монгол генералын өдөр”-өөр аймгийн Засаг дарга Өвөрхангай аймгаас төрсөн генерал цолтнууддаа хүндэтгэл үзүүлсэн ба аймгийн музейд тэдний үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор алдар, гавьяаг нь сурталчилсан танхимыг байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ ажил бодит биелэл болж аймгийн музейд шинэ танхим байгуулсан. Гэр бүл, төрөл төрөгсдөд нь санал тавьснаар уг танхим маань баялаг үзмэр, эд өлгийн зүйлстэй болж байна. Тухайн хүний намтар, эдэлж хэрэглэж байсан дүрэмт хувцас, бусад зүйлс, гавьяа шагналуудыг нь хүндэтгэлтэйгээр байршууллаа. Өвөрхангай аймгаас нийт 10 генерал төрсөн бөгөөд тэднээс эдүгээ тав нь энх тунх байна. Манай аймгаас зургаан дэслэгч генерал, гурван хошууч генерал, нэг бригадын генерал төрсөн байдаг юм.
Мөн Улаанбаатар, Даланзадгад цэргийн хүрээнд алба хааж байгаа хугацаат цэргүүдээ эргэдэг уламжлалтай бөгөөд 11 дүгээр сард аймгийн удирдлага, зарим холбогдох хүмүүсийн хамт цэргүүдтэйгээ уулзаж, хүндэтгэл үзүүлэх ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын албанд өндөр амжилт хүсье.
                                                                                                            Ярилцсан: Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ

2020-09-11 13:07:20