Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Мал аж ахуйн ахуйн өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажлын талаар” өнөөдөр /2020.10.05/ орон нутгийн сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Манай аймагт 16 мянга гаруй өрхийн 6.7 сая мал намаржиж байна. Аймгийн нийт нутгаар зундаа гандуу байж, бороо оройтож орсон. Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс гаргасан судалгаагаар бэлчээрийн 50 хувь гантай, 45 хувь гандуу гэсэн дүгнэлт гарч, мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт хүндрэх онцгой эрсдэл үүсч буй талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга С.Цэдэнбалжир хэллээ. Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахад
1. Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт
2. Отор нүүдлийг зохион байгуулах
3. Мал, мах зах зээлд нийлүүлэх 3 асуудалд аймгаас онцгой анхаарал хандуулж ажиллаж байна.
1. Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтийн явц:
Энэ жилийн хувьд өөрийн аймгийн нутгаас хадлан бэлтгэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа учир малчдын түвшинд бэлтгэх болон аймаг, сумын аюулгүй нөөцийн өвсийг бусад аймгуудаас худалдан авалтаар бүрдүүлж байна. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу аймаг, сумын аюулгүй нөөцөд нийт 4700 тонн өвс, 1150 тонн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй. Одоогийн байдлаар тус нөөцөд 300 сая гаруй төгрөгийн өвс, тэжээлийг бүрдүүлээд байна. Малчдын түвшинд 58800 тонн өвс, тэжээл бэлтгэхээс 8.2 тонн өвс, тэжээлийг бүрдүүлжээ. Хувийн хэвшлийнхэнд өвс, тэжээл татах асуудлыг тавьж ажилласнаар 400 тн өвс, тэжээл татаж нөөцөлсөн. Цаашид энэ тоо нэмэгдэнэ. Хархорин суманд малын ногоон тэжээлийг өнгөрсөн жилийнхээс 2 дахин их буюу 2360 га-д тариалсан. Үүнээс 100 гаруй боодол ногоон тэжээл хураан аюулгүй нөөцөд нөөцөлнө. Аймаг, сумын аюулгүй нөөц бүрдүүлэхэд дутагдаж байгаа санхүүгийн дэмжлэгийг Засгийн газар, Улсын онцгой комисст уламжлаад байна.
2. Отор нүүдлийн зохион байгуулалт:
Отор нүүдлийн хувьд 2020 оны 9 дүгээр сарын 29-ний байдлаар 18 аймгийн 43 суманд 760 өрхийн 500 мянга гаруй мал, өөрийн аймгийн 15 суманд 839 өрхийн 297.2 мянган мал отор нүүдэл хийж байна. Отроор явж буй малчдын дийлэнх нь Дорнод, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Төв, Архангай, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар зэрэг аймгуудад оторлож байна. Отор, нүүдлээр явж буй малчдынхаа судалгааг нарийвчлан гаргаж, оторлож буй аймаг, сумын удирдлагуудтай гэрээ хэлцэл хийх ажлууд хийгдэж байна. Мөн аймгийн “Отрын штаб” байгуулагдаж отрын малчдаа эргэж тойрох, нийгмийн асуудлуудыг нь шийдвэрлэх зохион байгуулалтын ажлууд хийгдэнэ.
Мал, мах борлуулалт:
Энэ жил аймгийн хэмжээнд 1.5 сая малыг зах зээлд нийлүүлж, 400 мянган малыг хүнсний хэрэгцээнд бэлтгэх урьдчилсан тооцоо гарсан. Одоогийн байдлаар 200 мянган малыг зах зээлд борлуулж, эргэлтэд оруулаад байна. Аймаг, орон нутгаас мал, махны борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүсэлт гаргасны үр дүнд манай аймгаас улсын нөөцөд 260 тонн мах бэлтгэх квотыг тогтоосон. Мөн Хүнсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, дулаан аргаар боловсруулсан 40 мянган тонн махыг гандуу зуншлага тааруу аймгуудаас авч экмпортлох шийдвэр гаргасан. Экспортлох компаниас аймгийн аж ахуйн нэгж, малчидтай гэрээ хийж мал, мах авах чиглэл байна. Энэ талаар ойрын хугацаанд гэрээ хийж мал, махны борлуулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Орон нутгийн махны үйлдвэрүүдэд бог малын махыг 4800-5200 төгрөгөөр авч байна.