Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 6 сарын 3-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллалаа. Тэрээр Сайн ноён хан Т.Намнансүрэн, Монгол улсын анхны ерөнхий сайд П.Гэндэн нарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэний дараа Хөгжимт драмын театрт аймгийн төрийн албан хаагчид, ард иргэдтэй уулзалт хийсэн юм.
Нэр дэвшигчийн зүгээс хэлэхдээ “Би Монгол улсын Ерөнхийлөгчийн үүрэг хариуцлагыг гүнээ ухамсарлаж байна. Би Монгол хүний ёс жудгийг чанд сахиж, зөв бодолтой, эрс тэмүүлэлтэй, шулуун шударгаар энэ сонгуульд оролцох болно. Өнөөдөр манай улсад өсөж хөгжиж, дэвжиж дээшилж байгаа зүйл олон байна. Үүний зэрэгцээ цаг алдалгүй засаж залруулах зүйл ч зэгсэн их байна. Улс төрийн намчирхал талцал даамжирч, үндэсний эв нэгдлийг хадгалах зарчим алдагдаж, ард түмэн хоёр хуваагдаж байгаа нь цаг алдалгүй засах ажлын эх үндэс гэж бодож байна” гэсэн юм. Түүнчлэн улс оронд явагдаж байгаа шударга бус байдал, ард иргэдийн амьжиргааны ядуурал, байгаль дэлхийн доройтол зэргээс жишээ дурьдан ярьж, сэтгэл зовниж байгаагаа илэрхийлэн энэ бүхнийг яаралтай засаж залруулах нь Ерөнхийлөгч хүний үүрэг, хариуцлага болохыг мэдэгдлээ.
Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дагалдан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Чинзориг нар хүрэлцэн ирсэн байна. УИХ-д Өвөрхангай аймгаас долоон удаа сонгогдсон “мэргэшсэн парламентач” Д.Лүндээжанцан хэлсэн үгэндээ “Өнөөдөр хүчний тэнцвэрийг хангах зайлшгүй шаардлага байна. Тэнгийн ачаа тэнцвэргүй бол тэмээ малдаа хэцүү. Жолоо цулбуургүй давхих осолтой байдаг юм байна. Тийм учраас төрд хяналт хэрэгтэй байна. Б.Бат-Эрдэнэ аварга улсын наадамд 12 удаа түрүүлэхдээ зөвхөн эр бяраараа түрүүлээгүй, оюун ухаан, авхаалж самбаа, хүмүүжил, мятрашгүй тэмцлээрээ түрүүлсэн. Нутгаасаа УИХ-д 3 дахин сонгогдлоо. Энэ нь нэг зүйлийг хэлээд байна. төр жолоодох эрдэмд энэ хүн 10 шахам жил суралцаж байна” гээд спортдоо төдийгүй улс төр, хуулийн ухаандаа аварга Б.Бат-Эрдэнийг дэмжихийг уриаллаа.
Харин УИХ-ын сонгуулиар олонхийн саналыг авсан ч гишүүн болж чадаагүй С.Чинзоригийг Өвөрхангайчууд нижигнэсэн алга ташилтаар хүлээн авсан бөгөөд тэрээр өөрийг нь дэмжсэн явдалд Өвөрхангайчууддаа ихээхэн баярлаж байгаагаа илэрхийлээд “Би хэрэг хийгээгүй, хууль зөрчөөгүй. Хуулиас нэг алхам ч гадуур гишгээгүй. Өнөөдөр Монгол улсад шударга ёс алдагдсаны хамгийн том жишээ Өвөрхангайн иргэд сонгогчдын итгэл найдварыг хөсөрдүүлсэн энэ байдал дээр харагдаж байна. Ард түмний маань сонголтыг ичих булчирхайгүй, юу ч хийхээс буцахааргүй болтлоо улайрсан олигархиуд булааж авсанд туйлаас их харамсаж байна. Тэр бүү хэл төрийн албан хаагчдын суудлыг наймааны “бай” болгосон. Өнөөдөр тойргийн хорооны даргын эхнэр нь аймгийн “авдар”-ыг тоолоод сууж байгааг та бид харж байна. Тийм учраас бид одоо л ялах хэрэгтэй байна. Ингэж байж эдгээр хууль бус үйлдэл, завхралыг таслан зогсоох боломжтой болно. Б.Бат-Эрдэнэ аварга бол жудагтай, эх орноо гэсэн сэтгэлтэй хүн. Та бүхэн санаж байгаа бол манай аймагт зуд тохиолдоод байх үед “Чинзориг оо, танай нутагт хүнд байгаа гэнэ. Хоёулаа танай нутагт очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцъя” гээд ирж байсан. Энэ бол энэ хүний Монголоо гэсэн чин сэтгэлийн нэг илэрхийлэл юм” гэв.
Уулзалтын үеэр Арвайхээр сумын Засаг дарга А.Ишдорж санал сэтгэгдлээ илэрхийлэхдээ ““Б.Бат-Эрдэнэ аварга бол Хөдөлмөрийн баатар, 10 жил төр түшилцэж байгаа, хийсэн ажил нь олон түмнийхээ нүдэнд харагддаг хүн. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч “хээгүй”, дараагийнх нь “хийгүй” гэсэн тодотголтой байсан. Гурав дахь нь “хэрэгтэн” болоод явчихсан. Харин дөрөв дэх нь “хэлэмгий” хүн байна. Одоо л бид “хийдэг” Ерөнхийлөгчтэй болох цаг” хэмээлээ. Түүнчлэн аваргыг бор цэрэг байх үед түүний “дарга” байсан Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг дарга Д.Буянтогтох сэтгэлийнхээ үгийг хэлэн амжилт хүссэн бөгөөд төрийн албан хаагч, иргэдээс санал хүсэлт, ерөөлийн үгс бичсэн захидлыг илгээж байлаа.