• Албан ёсны цахим хуудас
АЙМГИЙН УДИРДЛАГУУД ХЭВЛЭЛИЙНХЭНТЭЙ УУЛЗЛАА

    Өвөрхангай аймагт төрийн үйл ажиллагааны мэдээллийг ил тод, нээлттэй байлгах тал дээр багагүй анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, Засаг дарга Д.Тогтохсүрэн нар сар бүрийн эхэнд аймгийн Хэвлэл мэдээллийн байгууллагынхантай уулзаж, өнгөрсөн сард хийсэн үйл ажиллагаагаа тайлагнахын хамт сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өгдөг билээ.

    Өнгөрсөн сард аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ЦЕГ, ЗЦГ, хөрш зэргэлдээ таван аймгийн ИТХ, ЦГ-тай хамтран бүсийн зөвлөгөөн зохион байгуулж, замын тээврийн осол гэмтлийн шалтгаан, нөхцөл байдал, цаашид ослыг бууруулахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэн батласан байна. Мөн Газар тариалангийн талаар 2013-2016 онд аймгаас баримтлах бодлого, Хотын дүрэм, Эрүүл мэндийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын үр дүнгийн тухай сонсгол, Хархорин АЗЗА ТӨХК-ийн 2012 онд хийсэн үйл ажиллагааны тайлангийн сонсгол, Улаанцутгалантын угтах орчинг сайжруулах төслийн тухай гэхчлэн олон асуудлыг хэлэлцэж батлажээ.

     Аймгийн Засаг даргын зүгээс цаг үеийн ажлаар мэдээлэл өгч, барилгын салбарт 3 асуудлыг хэрэгжүүлэх шаардлага тавиад байгааг онцоллоо. Тухайлвал элс, хайргыг аймгийн Засаг даргын захирамжаар гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрээс авч ашиглах, барилга барих явцдаа нийтийн эзэмшлийн зам, талбайг эвдэхгүй, хог шороо асгахгүй байх, орчны тохижилт, ногоон байгууламжийг байгуулах, мөн Орон сууцны сангаас зээл олгохдоо барилгын ажлыг дуусган улсын комисст хүлээлгэж өгсний дараа шилжүүлэх гэсэн 3 шийдвэрийг гаргаснаа мэдэгдсэн юм.  Ид ажил нь өрнөж байгаа барилгын компаниудын үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраас шалгалт хийж байгаа. Нэгдсэн дүн гарсны дараа зарим барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоож ч магадгүй гэсэн мэдээллийг аймгийн дарга өглөө.

2013-06-06 00:56:19