Канадын сангийн дэмжлэгтэйгээр Монгол улсад ”Эмэгтэйчүүдийн эдийн засгийг чадавхжуулах” төсөл энэ оноос эхлэн дөрвөн жилийн хугацаатай хэрэгжихээр болсон. Уг төслийг орон нутагтаа хэрэгжүүлэх саналыг манай аймгаас Азийн санд тавьж, олон удаагийн уулзалт, ярилцлагыг хийсний дүнд төслийн баг нөхцөл байдалтай биечлэн танилцаж байна.
Тодруулбал АНУ-ын Азийн сангийн Эдийн засгийн чадавхи бэхжүүлэх хөтөлбөрийн Захирал Тришиагаар ахлуулсан баг 2020 оны 11 дүгээр сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд манай аймагт ажиллаж байна. Тус баг, бүрэлдэхүүнийг өнөөдөр/2020.11.05/ аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Батжаргалаар ахлуулсан аймаг, орон нутгийн төлөөлөл хүлээн авч уулзлаа.
Аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Батжаргал уулзалтын үеэр хэлэхдээ: “Эмэгтэйчүүдийн эдийн засгийг чадавхжуулах төсөл, хөтөлбөрийг хөдөө орон нутагт хэрэгжүүлэх бидний саналыг хүлээн авч, хүрэлцэн ирж ажиллаж байгаад баяртай байна. Манай аймгийн хувьд хүн амын тоогоороо улсдаа дээгүүрт ордог учир хөдөлмөр эрхлэлт, тогтмол ажлын байрыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байдаг. Удахгүй аймгийн Засаг даргын үйл ажиллагааны бодлогын баримт бичгийг боловсруулна. Энэхүү бодлогын баримт бичигт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зорилго, зорилтуудыг дэвшүүлж, та бүхэнтэй хамтран ажиллана” хэмээн хэлэв.
Төслийн баг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийнхэнтэй уулзаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нөхцөл байдалтай танилцаж, орчны ажиглалт, үнэлгээг хийх юм.