• Албан ёсны цахим хуудас
А.ИШДОРЖ: ОТОР НҮҮДЛЭЭР ЯВЖ БАЙГАА МАЛЧИД РУУГАА НЭН ТЭРГҮҮНД АНХААРЧ АЖИЛЛАНА
Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 87 дугаар захирамжаар Өвөрхангай аймгийн Засаг даргаар Адьяадолжингийн Ишдоржийг томиллоо. Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Пүрэвдорж шинээр томилогдсон Засаг даргад аймгийн Засаг даргын тамгыг гардуулан өгөв. Аймгийн Засаг дарга А.Ишдорж ажлаа хүлээж авах үеэр хэлсэн үгэндээ” Надад итгэл үзүүлэн энэ их үүрэг хариуцлагыг хүлээлгэж буй аймгийнхаа ард иргэд, ИТХ-ын 41 Төлөөлөгчдөдөө баярлалаа. Өвөрхангай аймгийн хөгжил, дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө, төрийн албан хаагчид, нийт иргэдтэйгээ хамтран хичээн ажиллах болно. Өвөлжилт хүндрэх төлөвтэй, отор нүүдэл ихтэй цаг үед ажил хүлээж авч байна. Одоогоор манай аймгийн 1600 гаруй малчин өрх 13 аймгийн 140 орчим суманд отор нүүдэл хийж явна. Отор нүүдлээр явж байгаа малчдаа зутраахгүй, хөөж туулгахгүй, хавчиж гадуурхуулахгүй байх тал дээр онцгой анхаарч аймгуудын удирдлагуудтай холбогдож, шуурхай арга хэмжээнүүдийг авч ажиллана. Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 оны төсөв, үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдийг батлуулах, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах гээд цаг хугацааны хувьд шахуу олон ажил хүлээгдэж байгаа. Өмнө нь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсны хувьд энэ цаг мөчөөс ажилдаа шуурхайлан ороход бэлэн байна” хэмээн хэлсэн юм.

 

2020-11-09 19:38:44