Долоо хоног бүрийн мягмар гарагт хуралддаг төрийн байгууллагуудын дарга, удирдлагуудын ээлжит шуурхай хурал өнөөдөр болж, өнгөрөгч долоо хоногт иргэдээс ирүүлсэн санал, гомдол болоод аймгийн цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ. Тус хурлыг аймгийн Засаг дарга А.Ишдорж чиглүүлж, хэлтэс агентлагийн удирдлагууд болоод төрийн албан хаагчидтай цаашдаа хэрхэн хамтарч ажиллах талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрээр “Та бидний өмнө аймгийнхаа, ард иргэдийнхээ төлөө гэсэн нэг л эрх ашиг бий. Тиймээс хийж буй ажлынхаа эзэн нь байхыг би төрийн албан хаагчдаасаа шаардана. Хариуцсан ажлаа сайн хийж, гүйцэтгэж байгаа хүн бүрийг дэмжиж ажиллана. Харин хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, иргэдэд хүнд суртал гаргаж байгаа албан хаагчдад хариуцлага тооцох болно. Үе үеийн удирдлагуудтайгаа хамтран аймгийнхаа ажлыг нэр төртэй хийж, улсын хэмжээнд тэргүүлж ирсэн туршлагатай, чадвартай баг, хамт олонтой гар нийлэн ажиллаж, Өвөрхангай аймгийн ажлыг тэргүүлэх түвшнээс бууруулахгүй, улам бүр ахиулахын төлөө хичээн ажиллана” хэмээн хэллээ.