Монгол Улсын Засгийн газраас Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгасан шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр/2020.11.16/ аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгах
Аймгаас орох, гарах, сум хоорондох, баг хооронд эрүүл мэндийн үйлчилгээ авах, буяны үйл ажиллагаа, хүнс, мал мах, шатахуун, нүүрс тээврээс бусад бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоох
Архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 хүртэл хугацаанд хориглох
-Төрийн байгууллагууд тусгай горимын дагуу ажиллаж, 0-12 насны хүүхэдтэй эхчүүдийг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх
-Төв суурин газрын иргэд хөдөө явж идэш хоолоо бэлтгэхэд хөдөлгөөний эрчим нэмэгдэх учир, мал, мах авах хүмүүстэйгээ утсаар холбогдон 2020 оны 11 дүгээр сарын 17-ноос 19-ний хооронд аймаг, сум тойрсон хяналтын постон дээр авчруулж, хүлээлгэн өгөх зохицуулалт хийх /Малын гарал үүслийн бичигтэй мал, махыг нэвтрүүлнэ/
-Аймаг, сумын төвийн иргэдийн махны нөөцийг бүрдүүлэх зорилгоор мал, махны худалдааг зөвшөөрсөн цэгт явуулж болно /Гарал үүслийн бичигтэйгээр малыг тууж оруулж ирэхийг зөвшөөрнө/
-Улаанбаатар хот, бусад аймагт хөл хорионд орсон Өвөрхангай аймгийн иргэд, Улаанбаатар хот болон бусад аймгаас Өвөрхангай аймагт хөл хорионд орсон иргэдийн судалгааг гаргахыг бүх сумдын Онцгой комисст даалгалаа.