УИХ-ын гишүүн Г.Батхүү Өвөрхангай аймагт ажиллалаа. Тэрээр аймгийн Засаг дарга болон Зөвлөлийн гишүүдтэй уулзаж, сумдад хийх шаардлагатай байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын саналыг авлаа.
Тухайлвал Хархорин суманд сургууль, цэцэрлэг, Бат-Өлзий суманд төв зам, Соёлын төвийн засвар, Уянга суманд 150 хүүхдийн цэцэрлэг, Богд суманд цэцэрлэг, ЗДТГ, цэвэр усны асуудал, Бүрд суманд цэцэрлэг, эмнэлэг, Өлзийт суманд Соёлын төв, Спорт заал, Гучин-Ус суманд Соёлын төв гэхчлэн бүх сумдад шаардлагатай байгаа засвар үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажлыг тэмдэглэж авсан юм. Мөн төрийн албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарал тавихаа ч амлалаа.
Тэрээр “Улс орны эрх ашиг, хөгжил дэвшил юу юунаас чухал учраас та бид эв нэгдэлтэй, нэг зорилготой ажиллах нь чухал юм” хэмээн аймгийн хэлтэс, албадын удирдлагыг хамтарч ажиллахыг уриалаад “УИХ-ын чуулган цөөн хугацаагаар завсарласан учраас ард иргэдтэй уулзах боломж байсангүй, Хархорин, Хужирт зэрэг 2-3 сумаар ороод буцна” гэлээ. Тэрээр өнөөдөр Хархорин суманд ажиллаж байна.