Өнөөдөр дэлхийн 187 орон “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг эхлүүлж байна. “Яг одоо жендерт суурилсан хүчирхийллийг цэглэе” уриан дор тэмдэглэж буй тус аянд манай улс 23 дахь жилдээ оролцож, нийгмийн тэгш бус хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаа юм. “Ковид-19” халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, аймгийн хэмжээнд 2020 оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 20 гэмт хэрэг, 143 зөрчил бүртгэгджээ. Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах Нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оны мөн үеэс 22 хувиар, хүүхдийн тоо 51 хувиар нэмэгдсэн байна. Тиймээс дээрх аянд Өвөрхангайчуудыгаа нэгдэж, гэр бүл, ажлын байр, олон нийтийн дунд эерэг, амар тайван уур амьсгалыг бүрдүүлэх, харилцаандаа хүндэтгэл, ойлголцолыг эрхэмлэх, эрүүл амьдралын зан үйлд суралцах, хорт зуршлыг арилгах уриалгыг дэвшүүлж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа энэ цаг үе нь гэр бүлүүд удаан хугацаанд хамт байх нөхцөлийг бүрдүүлж байгаа учраас гэр бүлдээ халуун дотно хайраа мэдрүүлэх боломж хэмээн харж, үр хүүхдэдээ цаг зав гаргаж, хамтдаа хөгжиж, зөв үлгэр дууриаллыг үзүүлж, айдас түгшүүр, зөрчил түрэмгийллийг гэр бүлийн хүрээнд таслан зогсоохыг уриалья.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ ДАРГА А.ИШДОРЖ