УИХ-ын гишүүн Д.Зоригт тангараг өргөснөөс хойш тойрогтоо анх удаа ирж ажиллалаа. Тэрээр 5-р сарын 31-ээс 6-р сарын 01-ний өдрүүдэд Арвайхээр, Хархорин сумдад ажиллах үеэрээ аймаг, сумын удирдлагуудтай уулзаж, 2013 оны аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн сангаас хийгдэх ажлууд, 2014-2016 оны төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон цаг үеийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх гарцын талаар, мөн удахгүй болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай ярилцлаа.
Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн ирэх жилүүдэд хийхээр төлөвлөсөн хамгийн том ажил болох Дулааны цахилгаан станцын асуудлыг анхааралдаа авахыг гишүүнээс хүссэн бол Д.Зоригт гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчийн сурталчилгааны арга хэмжээ болоход улс төрийн үймээн гаргахгүй байх талаар аймгийн МАН-ын даргынх нь хувьд Засаг даргаас хүслээ. Улс төрийн үзэл санааны хувьд эсрэг байр сууринаас хандаж болох ч аймаг, орон нутгийн хөгжил, дэвшлийн төлөө нэгэн зорилгоор ажиллах хэрэгтэй гэдэгт хоёр тал санал нэгтэй байлаа.
Д.Зоригт гишүүн Хархорин суманд ажиллах үеэрээ Хархорум музейн үйл ажиллагаатай танилцаж, мөн тэр үед тохиосон Хархорин сумын өсвөрийн Хөлбөмбөгийн баг тамирчдын аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолтыг үзэж, хүүхэд багачуудад урам хайрлалаа. Тэрбээр үргэлжүүлэн Есөнзүйл, Өлзийт сумдад ажиллана.