• Албан ёсны цахим хуудас
30-аас дээш өрхийг оторлуулсан сумдад төрийн үйлчилгээний зардал шилжүүлнэ

Аймгийн Засаг дарга А.Ишдорж Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олонтой уулзалт хийлээ. Аймгийн нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон, өвс тэжээлийн олдоц муу, үнэ их, малчдын дийлэнх нь отор нүүдлээр яваа зэрэг олон асуудал тус салбарт тулгамдаж байгаа юм.

“Хөдөө аж ахуйн ажил бол улирлын ажил биш. Жилийн дөрвөн улиралд байнгын бэлтгэл, бэлэн байдалд ажиллах ёстой. Өвлийн сар дөнгөж эхэлж байхад өвс тэжээл хомсдож, мал хорогдож, малчид сөхөрч эхэллээ. Энэ үед хамгийн их сэтгэл өвдөж, нойргүй хонож байх хүмүүс бол та нар. Салбарынхаа менежментийг хийж, аймаг, сумын дарга нарыг мэргэжил, аргазүйгээр хангаж, шахаж шаардаж байх ёстой хүмүүс” хэмээн аймгийн Засаг дарга уулзалтын эхэнд хэллээ.

Мөн сум, багийн Засаг дарга нараар дамжуулан бүх малчин өрхтэй холбоо тогтоож, нөхцөл байдлын судалгаа хийх, манай малчид оторлож яваа бусад аймаг, сумдын удирдлагуудад дахин албан бичиг хүргүүлж, 30-аас дээш өрх айлыг оторлуулсан сумдад төрийн үйлчилгээний зардал шилжүүлэх, өвсний үнийг бууруулах, махны борлуулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлаар үүрэг чиглэл өгөв.

Аймгийн удирдлагууд энэ онд хөдөө аж ахуйн салбар руу түлхүү анхаарч ажиллахыг зорилгоо болгож байгаа бөгөөд энэ байдлыг ашиглаж, салбараа хөгжүүл, боловсон хүчнийхээ мэдлэг, чадавхийг 100 хувь дайчил, сэтгэл гаргаж хурдтай ажилла гэх шаардлагыг аймгийн даргын зүгээс тавьж байлаа.

 

Уулзалтын үеэр хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдээс ажлынхаа талаар мэдээлэл өгч, тулгамдаж байгаа асуудлаа хэллээ.

2020-12-10 15:55:55