ОТРЫН МАЛЧДЫГ ТАВ ТУХТАЙ ӨВӨЛЖҮҮЛЖ, ХАВАРЖУУЛАХААР БОЛОВ.
Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймгийн Гурванбулаг, Хишиг-Өндөр, Орхон, Могод сумдад оторлож буй аймгийнхаа малчдыг эргэж, тэдний санал хүсэлтийг сонсож, нөхцөл байдалтай нь биечлэн танилцлаа. Тухайн сумдад манай аймгийн 209 малчин өрх отроор яваа бөгөөд өвөлжөө, бууцнаасаа хөөгдөх, татвар хураамж төлөх, адуу малаа хөөлгөх зэрэг асуудал бэрхшээлүүд малчдын өмнө тулгамдаж байгааг шийдвэрлэх зорилгоор ажлын хэсгийнхэн отор хүлээн авагч сумдын удирдлагуудтай уулзсан юм. Үүний үр дүнд отрын малчдынхаа нийгмийн үйлчилгээний зардалд зориулж, дээрх сумдад тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэгийг аймгаас олгохоор тохиролцож, отрын малчдаас татвар, хураамж авахгүй, малыг хөөж туухгүй, малчдыг нүүхийг шаардахгүйгээр одоогийн байгаа нутагт нь өвөлжүүлж, хаваржуулахаар тохиролцов. Мөн энэ үеэр өөрийн аймгийн отрын 209 малчин өрх тус бүрт 200 кг нүүрс болон эмийн багц олгож, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн, БОЭТ-ийн эмч, Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан сумдын Засаг дарга, хөдөө аж ахуйн тасгийн болон эмнэлгийн алба хаагчид оролцож, хамтран ажиллав. Ийнхүү аймаг, сумдын удирдлагууд ажлын хэсгийн тодорхой бүрэлдэхүүний хамтаар отрын малчдаа эргэн, отор хүлээн авагч сумдын удирдлагуудтай тохиролцож, зохицуулалт хийсэн явдалд талархалтай байгаагаа малчдын төлөөлөл илэрхийлж байлаа.
2020-12-22 22:51:09