Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил – 5” хөтөлбөрийн хүрээнд аймгийн БОЭТ-ийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгыг бүрэн засварлаж, 13 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр хангаад байна.
Тухайлбал, ариутгалын тасгуудыг агааржуулалтын систем бүхий дэд бүтэцтэй болгож, багаж угаах, халдваргүйжүүлэх автомат төхөөрөмж, хэт авиагаар цэвэрлэгч төхөөрөмж зэрэг 13 нэр төрлийн 17 ширхэг төхөөрөмжөөр хангаад байгаа юм. Барилгын засвар болон тоног төхөөрөмжид 900 орчим сая төгрөг зарцуулжээ.
Мөн ЭМЯ-ны 875 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Уламжлалт, нөхөн сэргээх тасгийг шинэчлэн байгууллаа. “Манай тасгаар жилдээ 6-8 мянган хүн эрүүл мэндийн үйлчилгээ авдаг. Жилээс жилд үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байна. Тусдаа тасаг болж гарснаар уламжлалт, сэргээн засах эмчилгээний төрөл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна” хэмээн тус тасгийн эрхлэгч Б.Аззаяа хэллээ.