Монгол Улсад хүнсний аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Хүн ардаа эрүүл, чанартай хүнсээр хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн, одоо ч ажилласаар байгаа хүнсний салбарын үе үеийн хамт олонд ойн баярын медаль, салбарын шагналыг гардууллаа. Аймгийн хэмжээнд хүнсний 84 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж, 400 гаруй хүнийг ажлын байраар ханган 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 13.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 13.9 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Аймгийн нийт хүн амын хэрэгцээт махыг 100 хувь, сүүг 72 хувь, төмсийг 103.5 хувь, хүнсний ногоог 28.9 хувь, жимс жимсгэнийг 0.06 хувь, талх нарийн боов, гурилан бүтээгдэхүүнийг 80 хувийг дотоод үйлдвэрлэлээр хангаж байна. Улиран одож буй 2020 онд Өвөрхангай аймгийн хүн ам 20.2 мянган тонн махыг хүнсэндээ хэрэглэж, 37.4 мянган тонн махыг зах зээлд худалдан борлуулжээ.