Аймгийн удирдлагууд сар бүрийн эхэнд сэтгүүлчидтэй уулзалт хийн өнгөрөгч сарын ажлаа тайлагнадаг уламжлалтай. Өнөөдөр 2020 оны 12 дугаар сард хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товч мэдээлэл хүргэлээ.
Өвөлжилт хүндэрч, хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан аймгаас малчдаа дэмжих үйл ажиллагааг өнгөрөгч сарын турш зохион байгуулсныг аймгийн Засаг дарга А.Ишдорж хэллээ. Нутагтаа өвөлжиж буй малчдад 1400 гаруй тонн өвсийг хөнгөлөлттэй үнээр олгосон бол бусад 15 аймгийн нутагт отроор яваа малчдадаа нүүрсний дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу ажлын дөрвөн баг томилогдож, Булган, Төв, Сэлэнгэ аймагт оторлож яваа хоёр мянгаад өрхөд 200 орчим тонн нүүрсийг газар дээр нь олгоод байна. Энэ үеэр малчдынхаа санал хүсэлтийг сонсох, оторлож очсон сумдынх нь удирдлагуудтай уулзан гэрээ хэлцэл хийжээ.
Мөн төв суурин газрын орлого багатай 3600 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлж, Арвайхээр сумын ахмадуудад 410 тонн нүүрсийг олгоод байгаа юм. Засгийн газраас тус аймагт 400 тонн өвсийг үнэгүй, 300 тонн хивгийг хөнгөлөлттэй үнээр олгох шийдвэр гарсан. Аймгийн Онцгой комиссын хурлаар уг өвсийг хүнд нөхцөлд байгаа говийн зургаан сумын малчдад олгох, бусад суманд хивгийг нь хуваарилан олгохоор шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Засгийн газраас хөдөөгийн малчин өрх бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсний дагуу бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.
Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 12 дугаар сард аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг 1, Тэргүүлэгчдийн хуралдааныг 3, ГХУСАЗСЗ-ийн хурлыг 1 удаа зохион байгуулж, жилийн ажлаа дүгнэн цаг үеийн асуудлыг хэлэлцэн баталсан байна.