Монгол Улсын Засгийн газраас Өвөрхангай аймагт хуваарилсан 400 тонн өвсийг өвөлжилт хүнд байгаа говийн 6 сумын малчдад үнэ төлбөргүй олгохоор аймгийн Онцгой комисс шийдвэрлэсэн.
Хэрэв аймгийн нийт 16500 малчин өрхөд дээрх өвсийг хуваарилбал нэг боодлоос илүү ноогдохгүй юм. Тиймээс Баянгол, Баруунбаян-Улаан, Төгрөг, Богд, Сант, Гучин-Ус сумын гурван мянга гаруй малчин өрхөд олгохоор болсон. Ингэснээр нэг өрхөд 5 боодол өвсийг үнэгүй олгож байна.
Энэ дагуу аймгийн Засаг дарга А.Ишдорж Төгрөг суманд ажиллаж, тус суманд олгож буй өвсний чанар, хүртээмжтэй газар дээр нь танилцлаа. Тус бүр 20 кг бүхий 20 мянган боодол өвсийг Өмнөговь аймгаас татаж авчрахад аймгийн төсвөөс 72 сая төгрөгийн зардал гарч байна. Өвсний чанарт малчид ам сайтай байсан ба амьдрал ахуйд нь ч томоохон дэмжлэг болж байгааг хэлж байв.Төгрөг сумын 670 малчин өрх 174 мянган мал өвөлжүүлж байгаагаас 200-аад өрхийн 80 мянга гаруй мал өөрийн болон бусад аймагт оторлож явна. Тус сумын нутаг цас багатай ч газар улаан халцгай, мал бэлчээрээс хооллох боломжгүй байгаа нь суурин үлдсэн малчдад бэрхшээл учруулж байна. Тиймээс өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгож өгөхийг малчид хүсч байлаа.
Аймгийн Засаг дарга Төгрөг суманд ажиллах үеэрээ иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийн аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн талаарх мэдээллийг өглөө. Мөн уулзалтад оролцогчдын санал хүсэлтийг сонсон зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.
Түүнчлэн дэлхий нийтийг түгшээж байгаа “Ковид-19” цар тахлын халдвараас хүн бүр өөрийгөө хамгаалж, хөл хөдөлгөөнөө аль болох хязгаарлаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг зөвлөж байсан бөгөөд өвөлжилтийн нөхцөл байдал тааруу байгаа энэ үед халдварын эрсдэлд орвол аймаг, сумаараа хүнд байдалд орно гэдгийг анхаарууллаа.