• Албан ёсны цахим хуудас
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Н.УДВАЛ АРВАЙХЭЭР ХОТОД АЖИЛЛАЛАА

    5 дугаар сарын 24-нд Монгол улсын анхны нийслэл Хархориноос Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлаа эхлүүлсэн анхны эмэгтэй нэр дэвшигч, Эрүүл мэндийн сайд Н.Удвал 6 сарын 7-ны өдөр Арвайхээр хотод ажиллалаа.  Тэрээр Арвайхээр хотод ирэх бүрийдээ “Нарны гүйлт” хэмээх өглөөний дасгалыг эрүүл мэндийн салбарынхан болон гишүүд дэмжигчдийнхээ хамтаар хийдэг уламжлалтай. Энэ удаад ч  үүрийн гэгээгээр дасгалаа хийж, Монгол Улсын Ерөнхий сайд асан Гэндэн, Намнансүрэн нарын хөшөөнд  цэцэг өргөж, хүндэтгэл үзүүснээр сурталчилгааны ажлаа эхлүүлсэн бөгөөд ХДТ-т ард иргэд, гишүүд дэмжигчидтэй уулзалт хийсэн юм.

   Тэрээр уулзалтын үеэр “Миний өрсөлдөгчид улс төрийн хувьд ч , хувь хүнийхээ хувьд ч аварга хүмүүс. Хоёр аваргатай өрсөлдөх болсондоо миний бие баяртай байна. Энэ бол том сорилт бөгөөд аваргыг дагаж аварга болъё гэсэн итгэл үнэмшил надад байгаа учраас энэ сонгуульд өрсөлдөх сэтгэл дүүрэн байна” хэмээн санал бодлоо хуваалцлаа.  Өвөрхангайнхан Н.Энхбаярын намаас нэр дэвшигч, Н.Энхбаярын хамтран зүтгэгч, шударга ёсны төлөө тууштай тэмцэгч, эх хүн, эмч  хүн, эрдэмтэн хүн гэж олон талаас нь харан Н.Удвалыг дэмжиж байгаагаа илэрхийлж, МУ-ын гурав дахь Ерөнхийлөгчийн биеийн байдлыг асууцгааж байв.

   Нэр дэвшигч Н.Удвалыг Арвайхээр сумын 9 дүгээр багийн иргэн Б.Ганбаатар гэртээ урьсан юм.  Тэрээр 2009 оны зуднаар малаа дуусгаж, 20 гаруйхан тооны малтай үлдчихээд байхдаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын “Хөдөөгийн хөгжил” төрийн бус байгууллагаас ирүүлсэн тусламж, дэмжлэгийг хүртэж байжээ. Тиймээс өнөөдөр ач санаж, түүний намаас нэр дэвшигчийг бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.

2013-06-10 00:55:28