Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл рүү чиглэсэн 60 гаруй үйл ажиллагааг төлөвлөөд байна.
Тухайлбал, энэ жил “Техник дундын үйлчилгээний төв” байгуулах, “Хөдөлмөр зуслан”, “Төлчин сурагч”, “Туслах малчин”, “Намрын ажил” гэхчлэн оюутан сурагчдыг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулах. Малын тэжээл, үрийн нөөцийг нэмэгдүүлж, гурил тэжээлийн үйлдвэрлэлийг сэргээх. Сумдын бэлчээрийн менежментийг сайжруулах зэрэг олон томоохон ажлыг төлөвлөөд буй юм.
Өвөрхангай аймгийн эдийн засагт хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбар голлох байр суурийг эзэлдэг. Дотоодын нийт бүтээгдэхүүний 50 гаруй хувийг энэ салбараас нийлүүлдэг бол нийт иргэдийн 48 хувь нь энэ салбарт хөдөлмөрлөж байна. Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын доройтол болон ажиллах хүчнээс шалтгаалсан олон асуудал тус салбарт тулгамдаж байна. Уг байдлыг аймгийн ИТХ-аар хэлэлцэж, 2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан билээ.