• Албан ёсны цахим хуудас
"АВЪЯАС" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 1000 ХҮҮХЭД БҮЖИГЛЭЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар, БШУЯ-аас дэвшүүлсэн “Авъяас” хөтөлбөрийн хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг Өвөрхангай аймгийн Боловсрол, Соёлын газраас  6 сарын 7-ны өдөр салбарын сайд, аймгийн удирдлага, нийт сургуулийн багш сурагчид, эцэг эхчүүдийн өмнө тавьлаа.

  Тус хөтөлбөрийн үр дүнд урлаг, спортоор хичээллэх хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэн, тодорхой амжилт, бүтээлийг гаргасан байна. Тухайлвал Өвөрхангай аймгийн 29 ЕБС-иас  21 зорилтын дор 276 дугуйлан хичээллүүлж, нийт хүүхдийн 40 гаруй хувь буюу 8134 сурагч хамрагдсанаас  ардын болон цахилгаан хөгжим, уран уншлага,  найрал дуу, бүх төрлийн бүжгийн дугуйлан шинээр хичээллэж, 1600 гаруй хүүхэд хамрагдан авъяас чадвараа хөгжүүлжээ. Мөн үндэсний, чөлөөт, жудо бөх, аэробек, сагсан бөмбөг, хөнгөн атлетикаар сургалтууд явуулсан байна.

Аймгийн БСГ-ын дарга Б.Мөнхжаргал  “Авъяас” хөтөлбөрийн тайланг тавихдаа “Сэтгэл их өндөр байна. Ганцхан жилийн дотор ийм том зорилт дэвшүүлээд ажиллахад 5000 гаран хүүхдийн авъяасыг хөгжүүлсэн, багш нар хүүхдүүдийнхээ авъяас, ур чадварыг нээхэд арга барилаа олсон гээд үр дүн их харагдаж байна.  Өвөрхангайгаас 2-3 жилийн дараа улсынхаа манлай болсон, тэргүүний хүүхдүүд төрнө” гэлээ.

Тайлангийн үеэр үндэс, чөлөөт, жудо бөх, сагсан бөмбөг, уран гимнастикийн дугуйланд хичээллэсэн хүүхдүүд юу сурч, мэдсэнээ харуулан үзүүлэх тоглолт хийж, сонирхуулсан ба багш сурагчдаас үзэсгэлэн гаргаж хийсэн бүтээснээ толилуулсан юм.

  Мөн энэ үеэр олон нийтийн анхаарлын татсан нэг үйл явдал бол “Би бүжиглэх дуртай” мянган хүүхдийн бүжгийн наадам байлаа.  Өвөрхангай аймагт нийт 5000 гаруй бүжиглэх авъяастай хүүхэд байдгаас мянган хүүхдийг шилж, уг наадамд оролцуулсан бөгөөд Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар дэглэн найруулсан юм. Хүүхэд бүр үндэсний хувцсаар гоёж, үндэстэн, ястан бүрийн бий биелгээ, бүжгийг бүжиж сонирхуулсан нь Аюуш баатрын талбайд хуран цугласан эцэг эх төдийгүй БШУЯ-ны сайд Л.Гантөмөр, аймгийн удирдлагуудыг баяруулсан үйл явдал болсон.  Л.Гантөмөр сайд бүжгийг сэтгэл догдлон үзэж, гар өргөн дэмжиж байсан ба  “хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Өвөрхангай аймаг онцгой сайн ажилласан байна. Бидний тавьсан зорилго зөв байсныг харууллаа. Монгол хүүхдүүд авъяастай юм байна. Та бүхэн хүүхдийг хөгжүүлж чадах юм байна. Цаашид хүүхэд хөгжүүлэх бүх эрх мэдлийг багшид өгнө” гэсэн юм.  

Тус арга хэмжээг зохион байгуулахад аймгийн хэмжээний сургууль, цэцэрлэгийн дуу хөгжмийн багш нарын идэвхи оролцоо маш их байсан бөгөөд ирэх жилийн мөн үед дахин олон хүүхдийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахаа БСГ-аас дурьдаж байв.

2013-06-10 01:19:33