• Албан ёсны цахим хуудас
“ХАМТДАА ДАВАН ТУУЛЪЯ” төсөл Өвөрхангай аймагт хэрэгжихээр болж өнөөдөр онлайн нээлтээ хийлээ
Европын холбооны санхүүжилтээр Дэлхийн зөн Монгол ОУБ-аар дамжуулан хэрэгжих “ХАМТДАА ДАВАН ТУУЛЪЯ” төсөл Өвөрхангай аймагт хэрэгжихээр болж өнөөдөр онлайн нээлтээ хийлээ. Энэхүү төсөл нь аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ХҮНИЙ ХӨГЖЛИЙН салбарын зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг болох юм. Тодруулбал, төслийн хүрээнд цар тахлын үед эмзэг бүлгийн эх хүүхдэд чиглэсэн хоол тэжээл, эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих замаар өрхийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх бичил төслүүд хэрэгжинэ. Өвөрхангай аймгийн хувьд 0-5 насны хүүхдийн эндэгдэл сүүлийн 5 жилд буурч, улсын дунджаас доогуур үзүүлэлттэй байгаа нь эерэг боловч энэ насны хүүхдүүдийн дунд туранхай хүүхэд, өсөлтийн хоцрогдолтой хүүхэд, D, A амин дэмийн дутагдалтай хүүхдүүдийн эзлэх хувь төдийлөн буурахгүй байна. Мөн аймгийн нийт өрхийн 30 орчим хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой ба эдгээр өрхөд албан бус салбарт хөдөлмөр эрхэлдэг тодруулбал жижиглэнгийн худалдаа эрхэлдэг, ачаа бараа буулгаж өдрийнхөө орлогыг олдог, цагийн болон улирлын чанартай ажил эрхэлдэг, гэрээрээ жижиг үйлдвэрлэл хийдэг иргэд нэлээдгүй байдаг бөгөөд эдгээр иргэдээс энэхүү төсөлд хамруулж өрхийн бизнесээ эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм. Төсөлд хамрагдах иргэд ажил хөдөлмөр эрхлэх хүсэл тэмүүлэлтэй байх нь төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамгийн чухал зүйл болох юм. Иймд орон нутгийн зүгээс Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран төсөлд хамрагдах өрхийг оновчтой сонгох, цаашлаад төслийн аргачлалыг орон нутагтаа нутагшуулах, иргэний нийгмийн байгууллагын сайн дурын ажилтануудыг чадавхижуулах, төслийг цаашид тогтвортой хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар гэрээг үзэглэлээ. Төсөлд Арвайхээр сумын 1,7,12 дугаар багийн 100 өрх, 0-3 насны хүүхэдтэй 150 эх, хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй 450 хүүхэд хамрагдана.

 

2021-01-19 10:40:38