Өвөрхангай аймаг 2020 оныг “Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жил болгон зарласан. Зорилтот жилийн хугацаанд гурван зүйлийг онцгойлон анхаарч, тодорхой үр дүнг гаргаж ажилласан хэмээн үзэж байна.
Тухайлбал, орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтад дэмжлэг үзүүлэх, сав, баглаа боодол, өрсөлдөх чадварыг сайжруулах, нэр төрлийг нь нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр дэмжихэд онцгой анхаарчээ.
Энэ хүрээнд төсвийн байгууллагууд 1.5 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг орон нутгийн үйлвэрлэл эрхлэгчдээс худалдан авсан байна. Мөн орон нутгийн 70 гаруй үйлдвэрлэгчийн 500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг “Өвөрхангайд үйлдвэрлэв” төвөөр дамжуулан шимтгэл хураамжгүйгээр 60 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 12 төсөлд 465 сая төгрөг, Сум хөгжүүлэх сангаас 104 төсөлд 652 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг орон нутгийн үйлдвэрлэгч нарт олгожээ. Бүтээгдэхүүний сав баглаа боодлоо сайжруулахад нь дэмжлэг үзүүлж, 22 аж ахуйн нэгжид 45 сая төгрөгийн тусламж олгосон байна.
Аймгийн ЗДТГ-аас “Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жилийн хаалтын үйл ажиллагааг энэ сарын 1-нд цахим хэлбэрээр зохион байгууллаа. Энэ үеэр үйлдвэрлэлээ өргөжүүлж, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэн “Өвөрхангайд үйлдвэрлэв” худалдааны төвийг өөрийн бүтээгдэхүүнээр тогтмол хангаж буй 10 үйлдвэрлэл эрхлэгчийг шагнаж урамшууллаа.