• Албан ёсны цахим хуудас
Тэргүүний сум, агентлагийг шалгаруулах асуудлыг хэлэлцлээ

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж байна. Ээлжит хурлаар хэлэлцэх есөн асуудлын эхэнд “Сум, агентлагийн 2020 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт”-тэй танилцлаа.

Аймгийн ЗДТГ-ын даргын тушаалаар байгуулсан ажлын баг тухайн сум, байгууллагын 2020 оны үйл ажиллагааг чиг үүргийн үзүүлэлт, нээлттэй байдлын үнэлгээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг харгалзан үнэлсэн бөгөөд таван сум, гурван агентлагийг шалгаруулаад байна.

Зөвлөлийн хурлын үеэр аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэхдээ “Хэдийгээр зарим сумын удирдлага солигдсон ч гэлээ, ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга нар нь мэргэжил, аргазүйгээр хангаад бүтээлч, санаачилгатай ажиллах боломжтой. Цаашид сумдыг аргазүйн зөвлөмжөөр хангаж, шахаж ажиллуулах шаардлагатай байна” гэв. Мөн үйл ажиллагаагаараа тэргүүлсэн сум, байгууллагын ажлыг түгээн дэлгэрүүлж, сурталчлах ёстой. Жагсаалтын сүүлд орсон сум, байгууллагын удирдлагуудтай уулзаж, учир байдлыг тодруулж, шаардлагатай бол хариуцлага тооцно гэсэн юм.

Мөн аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс 19 суманд зөвлөн туслах үйл ажиллагааг жилийн турш зохион байгуулж, газар дээр нь ажиллах хэрэгтэй” гэсэн бол Засаг даргын орлогч С.Ундрах “Сум, байгууллагын үйл ажиллагааг дүгнэхдээ тэргүүн туршлага болохуйц шинэлэг арга барилыг эрэлхийлсэн, онцлог ажлуудыг танилцуулдаг байх” саналыг хэллээ.

 

 

2021-02-05 17:50:03