Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын хурлаар Улаанбаатар - Өвөрхангай хоорондын зорчих хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа.
Улаанбаатар хотоос баруун аймгууд руу дайран өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг аймгийн төвд зогсоохгүй байх зохицуулалтыг хийж, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв телекамераар тогтмол хянаж ажиллах үүргийг холбогдох албаныханд өгөв. Мөн халдварын голомттой бүсээс ирж байгаа иргэдэд тавих хяналтыг чангатгаж, долоо хоногийн гэрийн тусгаарлалтыг чанд сахиулж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад даалгалаа.
Гэрийн ажиглалтад байгаа иргэдийг бүртгэл хяналтын систем бүхий программын тусламжтайгаар Шуурхай штабын байранд байршуулсан дэлгэцээр хянаж байна. Тус программыг төрийн байгууллага, аж ахуйн нэгж, томоохон худалдаа үйлчилгээний төвүүдэд нэвтрүүлж, иргэдийг регистрийн дугаараар нь гэрийн ажиглалтын дэглэм зөрчиж байгаа эсэхэд хяналт тавьж байгаа юм.
Хичээл сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэнтэй холбогдуулан цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдтэй айл өрхөд голомттой бүсээс хүн ирсэн тохиолдолд тухайн хүүхдийг 7 хоног гэрийн ажиглалтад байлгахыг багш, эцэг эхчүүдэд сануулж байна.