Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, аймгийн Засаг дарга А.Ишдорж нар өнөөдөр гэрээ байгууллаа.
Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Соёлын Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд Арвайхээр сумын "Мэргэд" лаборатори сургуулийн япон хэлний ангийг засварлахаар хоёр тал гэрээ байгуулсан юм.
Аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлсэн үгэндээ “Энэхүү дэмжлэг нь "Мэргэд" лаборатори сургуулийн сурагчдын суралцах орчинг сайжруулаад зогсохгүй Өвөрхангай аймгийн боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийлье” хэмээв.
"Мэргэд" лаборатори сургууль нь 1998 онд байгуулагдсанаас хойш 22 жилийн хугацаанд сурагчдад япон хэлийг зааж сургахын хамт япон хэлний түвшин тогтоох шалгалт авч байна. Энэ удаагийн тусламжаар япон хэлний ангийг засварлан бүрэн тохижуулахаас гадна компьютер, принтер зэрэг мэдээлэл, технологийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, сургалт явуулах орчин, нөхцөлийг сайжруулах юм.