Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын хамт олон 2020 оны ажил үйлсээрээ манлайлж, улсын тэргүүний Цэргийн штабаар шалгарчээ.
Батлан хамгаалах төрийн үйлчилгээг ард иргэдэд нээлттэй, шуурхай хүргэх арга хэмжээг аймаг, орон нутагтаа чадварлаг зохион байгуулж, Батлан хамгаалахын сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг 93.3 хувьтай хангасан ажлын үр дүнгээрээ улсдаа тэргүүлсэн байна.
Тус штабаас өнгөрөгч онд хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх орчин бүрдүүлэхэд голлон анхаарч ажиллажээ. Өвөрхангай аймгаас төрөн гарсан 10 генералд зориулж, Хүндэтгэлийн танхимыг аймгийн Орон нутаг судлах музейд байгуулсан бол Мэргэд лаборатори сургуульд эх оронч танхимыг байгуулсан нь улсад анхны шинэлэг ажил болжээ.
Мөн Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойгоор хоёр ахмад дайчинд хүндэтгэл үзүүлсэн ба орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөгөө цаг хугацаанд нь батлуулан амжилттай хэрэгжүүлсэн байна.