Аймгийн хэлтэс агентлагийн дарга нарын шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст зохион байгуулж, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм.
Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс ISO-9001 стандартыг нэвтрүүлж, үйлчилгээнийхээ 40 гаруй хувийг цахимд шилжүүлсэн байна. Үүний үр дүнд цаг хугацаа хэмнэсэн, зохион байгуулалттай үйлчилгээ хүргэх боломж бүрдэж, иргэдийн сэтгэл ханамжийн баталгаа нэмэгдсэнийг тус байгууллагын дарга Н.Норгинбадам хэллээ.
Шуурхай хуралдааны үеэр ТҮНТ-д ирүүлсэн иргэдийн санал хүсэлттэй танилцсан бөгөөд аймгийн Засаг дарга А.Ишдорж үүрэг чиглэл өгөв. Тухайлбал, сургалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор сурагчдаас мөнгө төгрөг хураах явдал гарч байгааг зарим эцэг эхчүүд мэдээлсний дагуу уг асуудалд анхаарч ажиллахыг БСУГ-ын удирдлагуудад үүрэг болголоо.
БОЭТ-өөс цахимаар болон утсаар үзлэгийн дугаар авах боломжийг иргэдэд сурталчилж, ойлгуулах, үнийн хөөрөгдөлтөд хяналт тавих, отроор яваа малчдыг хөөж тууж байгаа асуудалд арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад даалгав.
Мөн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, сонор сэрэмжтэй байхыг бүх байгууллагын дарга нарт урьдчилан анхаарууллаа.