Аймгийн онцгой комиссын 3 дугаар сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрээр Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Тэмүүлэл-Эрдэм, Мэргэд лаборатори сургууль, 6 дугаар цэцэрлэгийн зарим анги бүлгийн үйл ажиллагааг түр зогсоож, холбогдох багш, сурагчид, ажилтныг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна. Учир нь тус сургууль, анги нь коронавирусний батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчаар бүртгэгдсэн аж.
Мэргэжлийн байгууллага тухайн сургууль, цэцэрлэгт мананцар үүсгэн ариутгал, халдваргүйтгэлийг хийсэн бөгөөд БШУ-ны сайдын 58 дугаар тушаалд заасны дагуу ойрын болон дам харьцаа бүртгэгдсэн сургууль цэцэрлэгт эцэг, эхчүүд давтан шинжилгээний хариу гартал хүүхдүүдээ хичээл, сургуульд нь явуулахгүй байж болох юм.
Бусад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа өнөөдрөөс БШУ-ны сайдын 58 дугаар тушаалын дагуу хэвийн үргэлжилж байна.