“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойн баярын хурал өнөөдөр аймгийн ХДТ-т боллоо. Хуралд аймгийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний анги, салбарууд, цэрэгжсэн байгууллагуудын удирдлага, алба хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчдын төлөөлөл, аймгийн дарга нар оролцлоо.
Түүхт ойтой зэрэгцэн Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар анги үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус ангийн захирагч, хурандаа Б.Галбадрах баярын хурлыг нээж, түүхэн замналын ололт амжилтаас товч дурдлаа.
Мөн аймгийн Засаг дарга А.Ишдорж баяр хүргэж хэлсэн үгэндээ “Монгол цэргүүд бүтэн зууны хугацаанд тусгаар тогтнол, эрх чөлөөгөө батлан хамгаалах ариун журамт үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж ирсэн бөгөөд Өвөрхангай аймгийн уугуул 4 мянга гаруй цэрэг эрс 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хязгаарын зэвсэгт тулгаралтад оролцон халуун амь, бүлээн цусаараа улс орныхоо бүрэн эрхийг баталгаажуулж байв. Баатарлагаар тэмцэн бахдам гавьяа байгуулсан олон аавын хүү төрийн дээд одон, медалиар шагнуулсны дотор Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат Лувсанцэрэнгийн Аюуш нь БНМАУ-ын баатар цолоор шагнуулж байсныг баярын энэ өдөр эргэн дурсаж, бахархаж байна.
Өвөрхангай аймгаас Зэвсэгт хүчний салбарт 10 генерал, 300 гаруй хурандаа цолтон төрөн гарсны дотор дэслэгч генерал Ч.Пүрэвдорж, Ц.Дашзэвэг, Ц.Тогоо нарын шилдэг дарга нар Зэвсэгт хүчний Жанжин штабыг 20 гаруй жил удирдан манлайлж байсныг илтгэхэд таатай байна” хэмээв.
Түүнчлэн бэлтгэл дэд хурандаа Ц.Очирбат баярын сэтгэгдлээ хуваалцсан ба батлан хамгаалах бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллаж буй алба хаагчдыг төрийн одон медаль, аймаг орон нутгийн шагналаар шагнан урамшууллаа.