Тусгай бүлгийн сурагчид цахим спортын тэмцээнд тэргүүн байр эзэлжээ
Монголын Тусгай олимпын хорооноос зохион байгуулсан “Цахим спортын тэмцээн”-д Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн Х.Пүрэвсүрэн багштай Тусгай хэрэгцээт бүлгийн 37 сурагч оролцож, багийн дүнгээрээ тэргүүн байр эзэлсэн байна.
Гимнастик, фитнес, сагсан бөмбөгийн төрлөөр явуулсан тус тэмцээнд 21 аймаг, нийслэлийн тусгай хэрэгцээт 11 сургуулийн 172 сурагч авъяас, ур чадвараа дайчлан өрсөлдсөн бөгөөд Өвөрхангай аймгаас оролцсон 37 сурагчаас 11 алт, 16 мөнгө, 10 хүрэл медаль авч, шилдэг багаар шалгарчээ. Сурагчдын шагналыг өнөөдөр аймгийн БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн гардуулан өглөө. "Хэдийгээр цар тахлын улмаас хөл хорио тогтоож, сургууль хичээллээгүй ч тусгай бүлгийн сурагчид цагийг үр дүнтэй өнгөрүүлж, цахим уралдаануудад амжилттай оролцсон. МСҮТ-ээс зохион байгуулсан "Би гэртээ тогооч" цахим аянд манай таван сурагч оролцож, гарын бэлэг аваад байна" хэмээн тусгай хэрэгцээт бүлгийн байгш Х.Пүрэвсүрэн хэлж байв.
Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн Тусгай хэрэгцээт бүлэг анх байгуулагдаад 21 жилийн турш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сургалт, мэдлэг олгож байна. Одоогоор хоёр бүлэгт 38 хүүхэд суралцаж байгаа аж.
2021-03-18 17:56:54