• Албан ёсны цахим хуудас
Аймгийн БОЭТ-д хотоос ирж ажилласан мэргэжилтнээс коронавирус илэрлээ

Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд тоног төхөөрөмж суурилуулахаар Улаанбаатар хотоос ирж ажилласан эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа.

Тухайн хоёр иргэн энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод PCR шинжилгээ өгч, 10-ны өдөр хариу нь сөрөг гарсан бөгөөд 11-ний өдөр Арвайхээр хотод ирж, Өшгөг буудалд байрлан 12-ны өдрийн 13.00 цаг хүртэл БОЭТ-д ажиллажээ. Мөн өдөр Өвөрхангайгаас Баян-Өлгий аймагт очиж, эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулаад 16-ны өдөр Улаанбаатар хот руу буцаж, эмнэлзүйн шинж тэмдгийн улмаас шинжилгээ өгөхөд 18-ны өдөр эерэг хариу гарчээ.

Уг мэдээллийг ХӨСҮТ-өөс манай аймаг руу урд шөнийн 23.00 цагт ирүүлсэн бөгөөд одоогоор БОЭТ-ийн амбулаторийн үзлэгийг зогсоож, нэгдүгээр хавьтал болох 10 хүн, тэдгээрийн ар гэрийн 7, нийт 17 хүний PCR шинжилгээг ХӨСҮТ рүү илгээгээд байна. БОЭТ-ийн бусад ажилчид, дам хавьтагчдыг гэрийн тусгаарлалтад оруулж, 200 хүнд PCR шинжилгээ хийж байгаа ба бусад дам хавьтлын хүмүүсээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна.

3 дугаар сарын 11-19-ний өдрүүдэд БОЭТ-ийн амбулаториор 8019 иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, 148 иргэн хэвтэн эмчлүүлээд гарсан бол одоо 235 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Тэдэнд ар гэрээс нь эргэлт авахгүй, эмнэлгээс хоол өгөхөөр шийдвэрлэлээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасалдуулахгүйн тулд түргэн тусламжийн дуудлагыг хэвийн авч байгаа ба PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан эмч, сувилагчид үйлчилгээ үзүүлэх юм.

Мөн тухайн өдрүүдэд Өшгөг буудалд байрлаж байсан үйлчлүүлэгчид, ажилчдыг тусгаарлаж, PCR болон түргэвчилсэн шинжилгээг авсан ба буудлын үйл ажиллагааг түр хугацаагаар хааж, голомтын халдваргүйтгэлийг хийж байна.

Онцгой комиссын хурлаас хөл хорио тогтоох, бусад үйлчилгээг хязгаарлах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд амралтын өдрүүд таарч байгаа учраас аль болох гэрээсээ гарахгүй, олон нийттэй харилцахгүй байж, хувийн дэглэмийг чанд мөрдөхийг иргэдэд анхаарууллаа.

2021-03-19 18:53:35