• Албан ёсны цахим хуудас
БҮРТГЭЛ ХЯНАЛТЫН СИСТЕМД БҮРТГЭЛ ХИЙГЭЭГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД ХАРИУЦЛАГА ТООЦНО

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас цахимд суурилсан бүртгэл, хяналтын системийг бүтээж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд ашиглаж байна.

Бүртгэл, хяналтын системийг 400 орчим байгууллага нэвтрүүлээд байгаа ба гэрийн ажиглалтад байгаа иргэдийг энэ системээр хянаж, дэглэм зөрчсөн тохиолдолд анхааруулах, торгох арга хэмжээг авч байгаа аж. Төрийн болон үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн иргэн бүрийг регистрийн дугаараар бүртгэн авч, уг системд нэгтгэдэг бөгөөд хэн хаагуур явсныг шуурхай илрүүлэн халдвараас сэргийлэх хариу арга хэмжээг богино хугацаанд авах ач холбогдолтой. Мөн уг системийг нэвтрүүлснээр цаасаар асуумж бөглөх шаардлагагүй болжээ.

Түүнчлэн Тарнын болон Онги, Нарийнтээлийн постоор нэвтэрч буй тээврийн хэрэгсэл, зорчигчдын мэдээллийг энэхүү системд бүртгэж, дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийг 7 цэгийн 30 орчим камераар баталгаажуулан хянаж, аймгийн төвд зогсолт хийлгэлгүйгээр нэвтрүүлж байна.

Үйлчилгээний байгууллагуудын бүртгэл, хяналтын системийн хөтлөлтөд хууль, хяналтын байгууллагуудаас хяналт тавьж байгаа бөгөөд бүртгэл хөтлөөгүй үйлчилгээний байгууллагад “Гамшгаас хамгаалах тухай” хуулийн дагуу хариуцлага тооцно.

 

 

2021-03-19 18:57:01