• Албан ёсны цахим хуудас
Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар аймгийн Засаг дарга мэдээлэл хийлээ

Өвөрхангай аймагт бүртгэгдээд байгаа "Ковид-19" халдварын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга А.Ишдорж мэдээлэл хийлээ.

Тэрээр “Хөл хорионы улмаас иргэдийн дунд бухимдал үүсээд байгааг ойлгож байна. Гэхдээ бид аймгийнхаа нийгэм, эдийн засгийг богино хугацаанд тогтвортой, хэвийн байдалд оруулахын тулд хөдөлгөөнийг хязгаарлахаас өөр аргагүй байна. Хөл хорио тогтоосноор ойрын болон дам хавьтлын сэжигтэй тохиолдлуудыг богино хугацаанд олж илрүүлж, тархалтыг хумьж чадна. Таны ороод гарсан газар бүр эрсдэлтэй байгаа учраас онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, хөл хорионы дэглэмийг хатуу мөрдөх шаардлагатай байгааг хэлье” гэв.

Аймгийн хэмжээнд 3 дугаар сарын 22-26-ны өдрийг хүртэл ЗӨСҮТ, аймгийн БОЭТ-ийн PCR шинжилгээнд 658 иргэнийг хамруулаад байна. Үүнээс 28 тохиолдол эерэг хариутай гарсан.

Иргэдийн дунд хөл хориотой холбогдуулан янз бүрийн яриа гарч байгаагийн нэг нь тэг зогсолт хийх тухай юм. Аймгийн дарга хэлэхдээ “Аймагт тэг зогсолт зарлаагүй. 10 мянган хүн тутмын 6.5 хувьд энэ өвчлөл илрэх юм бол тэг зогсолт хийдэг журамтай. Манай аймгийн хувьд 2.5 хувьтай байгаа тул тэг зогсолт хийх нөхцөл үүсээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин сум тус бүрээр авч үзвэл Хужирт суманд 10 мянган хүн ам тутмын 30.6 хувьд нь халдварын шинж тэмдэг илэрсэн учраас тэг зогсолтыг зарлаад байна. Мөн батлагдаж байгаа тохиолдлын 25-аас дээш хувьд эх үүсвэр тодорхойгүй бол тэг зогсолт хийдэг. Манайд бол одоогоор эх үүсвэр тодорхой, Хужирт гэсэн нэг эх үүсвэртэй байгаа учраас тэг зогсолт хийх нөхцөл үүсээгүй гэдгийг хэлье” гэлээ.

Аймийн БОЭТ-д авч байгаа PCR шинжилгээ хэр баталгаатай болохыг асуусан сэтгүүлчийн асуултад “Аливаа тоног төхөөрөмжид заавал туршилтын хугацаа гэж байх ёстой. БОЭТ-д 22-ны өдөр 65 хүнээс шинжилгээ авсан. Үүнээс 8 нь эерэг гарсныг ЗӨСҮТ-ийн PCR шинжилгээгээр баталгаажуулсан. Тэгэхээр БОЭТ-ийн PCR шинжилгээний төхөөрөмж хэвийн, баталгаатай оношилж байгаа гэж ойлгож болно” хэмээн хариулав.

Мөн өвс тэжээлээ авахаар ирсэн малчдыг буцаан гаргахдаа 25 мянгаар шинжилгээ авч байна гэсэн гомдлыг лавлахад “Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комиссын хамтарсан тушаалын дагуу шинжилгээг үнэ төлбөртэй авч байгаа. Зардал асар өндөр гарч байна. Түргэвчилсэн оношлуурыг гадаадаас захиалж авчрахад нэг нь 15 мянган төгрөгөөр ирж байгаа учраас энэ дагуу журам гарган мөрдөж байна” гэлээ.

 

Аймгийн хэмжээнд тархвар судлаач эмчийн дутагдалтай, Арвайхээр, Хужирт, Хархорин суманд нийт 7 эмч ажиллаж байна. Тиймээс гавъяаны амралтаа авсан зарим эмч нарыг тархвар судлалд татан ажиллуулж байгаа аж. 

2021-03-26 00:00:00