Өнгөрөгч 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд 404 хүнээс PCR шинжилгээ авахад 8 хүнээс эерэг хариу гарлаа. Арвайхээрт 1, Хужирт суманд 3, Бүрд суманд 4 тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд нийт тохиолдол 47 болоод байна.
Өнөөдрийн байдлаар БОЭТ-д 10, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт 4, Хужирт сумын “Сэмжид Хужирт” сувиллын Тусгаарлан эмчлэх байранд 33 хүнийг эмчилж байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байгаа аж.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 1, 2 дугаар хавьтлын 257 хүнийг түүврийн аргаар сонгон түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарчээ. Одоогоор аймгийн хэмжээний тусгаарлан ажиглах байранд 150, гэрийн ажиглалтад 2823 хүн байна.Урьдчилсан байдлаар ойрын хавьтлын 537 хүнийг илрүүлж, PCR шинжилгээнд хамруулж байгаа бол дам хавьтлаар тогтоогдсон 1519 хүнийг дэс дараатай түргэвчилсэн шинжилгээнд хамруулах юм. Мэргэжлийн байгууллагууд ариутгал халдваргүйтгэлийг 30 объектын 15446 м2 талбайд хийж гүйцэтгэжээ.