Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хөл хорио тогтоосонтой холбогдуулан иргэдийн дунд дам яриа болон асуулт их байна. Үүнд аймгийн Засаг дарга А.Ишдорж албан ёсны хариулт өглөө.
• Вакцинжуулалт хэзээ эхлэх вэ?
• Улсын хэмжээнд олон аймагт “Ковид-19” цар тахлын эерэг тохиолдлууд бүртгэгдэж байгаатай холбоотойгоор вакцин, оношлуурын дутагдалтай байгааг Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комисст мэдэгдэж байна. Манай аймгийн хувьд вакцин, түргэвчилсэн оношлуур, нэн шаардлагатай хамгаалах хэрэгсэл, эм тариа, онцгой байдлын үед ажиллаж байгаа ажилчдын орчин нөхцөл, хоол унд гэх мэтчилэн нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн тооцоо гарч байгаа. Үүнийг УИХ-ын гишүүд, холбогдох газруудад танилцуулсан. Вакцины хувьд Дорноговь, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдол бүхий гол аймгуудаа эхлэн вакцинжуулж байна. 4 дүгээр сарын 1-ээс эхлэн бусад аймгуудаа вакинжуулна гэсэн болохоор бид зохих бэлтгэлээ хангаад хүлээж байна.
• Гэр хороолын зарим дэлгүүрүүд үнийн хөөрөгдөл үүсгэж байна. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?
• Тухайн дэлгүүрийн нэр, хаягийг өгсөн тохиолдолд бид шалгаж үзээд үнэхээр хүнс барааны үнийг зохиомлоор хөөргөсөн байвал хуулийн дагуу арга хэмжээ тооцно. Мэдээллийн эх үүсвэрийг нууцална. Гэхдээ худал мэдээлэл өгч болохгүй гэдгийг иргэд маань анхаарах хэрэгтэй.
• Халдварын тохиолдлуудаа орон нутагт эмчлэх юмуу? Эмнэлэг, мэргэжлийн эм чнарын хүрэлцээ хэр байна вэ?
• Улаанбаатар хотын бүх эмнэлэг ачааллаа дийлэхгүйд хүрч, эмч, боловсон хүчний хувьд ч хүндрэлтэй байдалд шилжих нөхцөлд байна. Тиймээс халдвар авсан иргэдээ орон нутагтаа эмчилнэ. ХӨСҮТ-ээс мэргэжлийн зөвлөх эмч нар Хужирт суманд ирж ажиллаж байгаа. Аймгийн хэмжээнд эмч нараа мэргэшүүлэх сургалтанд хамруулж, зөвлөгөө мэдээллийг тогтмол авч, хувиар гарган ажиллуулж байна. Халдваргүйтгэлийн бодисын нөөц, хүн хүчний нөөц тулгамдах төлөвтэй байна. Халдваргүйтгэлийн мэргэжилтэн дутмаг байгаа талаар УОК-той ярьж байгаад ойролцоо мэргэжилтэй хүмүүсийг яаралтай бэлтгэж сургах ажлыг зохион байгуулна.
• Бүрд суманд байдал ямар байгаа вэ?
• Тус сум руу өнөө өглөө хоёр багийг гаргасан. Халдвар хамгааллын дэглэм тогтоох, хавьтагсдыг тогтоох гээд хариу арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Мөн Бүрд суманд батлагдсан 4 тохиолдлыг урд шөнө БОЭТ-ийн Халдвартын тасагт байрлуулан эмчилгээг эхлүүлсэн. Хэрвээ сумдад халдварын тохиолдол нэмэгдээд ирвэл тусгаарлан ажиглах байрны хувьд асуудалтай байгаа. ЕБС-ийн дотуур байр, цэцэрлэгийг төлөвлөж байна. Өөрөөр сумдад зочид буудал гэх мэт ашиглачих байр ховор учраас асуудал бий гэдгийг хэлье.
• БТСГ-ын ажлын хэсгийн явсан маршрут болон Бүрд суманд илэрсэн тохиолдлын явсан маршрутыг ил болгох уу?
• Ил болгоно. Гэхдээ хүмүүс маань зарим нэг зүйлээ мартах тохиолдол байгаа учраас нарийн судалж байж, эцсийн байдлаар ил болгохгүй бол зарим нэг газрууд үлдэх магадлалтай. Эерэг болон 1, 2 дугаар хавьтлын явсан зам талбай бүрт аймгийн ЗӨСТ-өөс голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийж байна.
• Банк санхүүгийн байгууллага ажиллах уу?
• Аймгийн хэмжээнд ирэх лхагва гараг хүртэл төрийн тусгайлсан чиг үүргийн байгууллагаас бусад байгууллагууд ажиллахгүй. Үүнд банк орж байгаа. Цахим банк буюу АТМ ажиллаж байгаа.
• Дотуур байрны хүүхдүүд, мөн айлд суудаг хүүхдүүд шинжилгээ өгч гарах уу? Отроор яваа малчдын хүүхдүүдийг хүргэж өгөх үү?
• Хөдөөний үндсэн харьяалалтай, Арвайхээрт айлд суудаг 71 хүүхэд бий. Түргэвчилсэн шинжилгээ хийгээд хяналтын постон дээр эцэг эхэд нь гараас гарт хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулж байна. Отроор хол газар яваа малчдын хүүхдийг хүргэж өгөх боломж хомс байна. Өнөө өглөө 10 цагт сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, эмнэлгийн эрхлэгч, сургуулийн захирлуудтай цахим хурал хийлээ. Баянгол суманд 13 хүүхэд байгаа юм байна. Бусад сумдын хүүхдүүд өнөөдрийн дотор аюулгүй байдлаа хангаад гэр гэртээ очих боломжоор хангагдсан. Дээрх 13 хүүхдийн ар гэр нь Дорноговь гэхчлэн хол аймгуудад оторлож яваа учраас дотуур байрандаа байхаас өөр аргагүйд хүрч байна. Дотуур байрны хүүхдэд өгч байгаа хоол унд муу чанаргүй байна гэх мэдээлэл цахимд тавигдсан. Тийм асуудал байхгүй. Стандартад нийцсэн илчлэг калори сайн хоолоор үйлчилж байгаа.
• Оюу толгойд ээлжийн ажилтай хүнийг яаж зохицуулалт хийх вэ?
• Тухайн албан байгууллага, аж ахуйн нэгжээсээ “манай ийм ажилтныг ирүүлнэ үү” гэсэн албан тоотыг цахимаар аваад аймгийн Онцгой комисст бүртгүүлээд PCR шинжилгээ өгөөд тухайн ажилдаа явж болно.
• Малын өвс тэжээл ачих машин аймгаас хот руу яаж явах вэ?
• Авто тээврийн газар бүртгүүлээд QR код аваад Шуурхай штабаас зөвшөөрөл аваад явж болно. Хамгийн гол нь ачаа тээвэрт явж байгаа жолоочид асар өндөр эрсдэлтэй байна гэж үзэж байгаа учраас хотод очоод олон хүнтэй харилцаа үүсгэхгүй байх, энд ирээд гэрийн тусгаарлалтын дэглэмээ чанд мөрдөх, гэр бүлийн хүмүүсийнхээ аюулгүй, эрсдэлгүй байдлыг хангах нь чухал байгааг хэлье.
• Эмнэлэгт бөөрний гемодиализын аппаратад 20 хүн нэг өдөр өнжөөд байнгын давтамжтай эмчилгээ хийлгэдэг. Тэр хүмүүс дунд хувийн унаатай хүн ховор. Такси үйлчилгээ явахгүй байгаа болохоор эмчилгээндээ явахад асуудал гараад байна?
• Такси үйлчилгээ явуулах боломжгүй. Эдгээр хүмүүс өөрийн унаатай ирээд эмчилгээндээ орох боломжтой бол унаанд нь зөвшөөрөл олгох, өөрийн унаагүй хүмүүсийг БОЭТ түргэний машинаараа очиж авч, энэ эмчилгээнд нь оруулж байх үүрэг чиглэлийг өгсөн.
Сумаас аймагт ирж эмнэлэгт хэвтсэн хүмүүс байх юм бол эмнэлэгт хэвтсэн гэх нотлох бичиг баримтаа авчирч, Шуурхай штабаас зөвшөөрөл аваад нутаг буцаж болно. Хязгаарлаагүй үйл ажиллагаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ орж байгаа. Хөдөө орон нутгаас эмчийн бичигтэй, яаралтай ирж байгаа хүмүүсийг аймаг чөлөөтэй нэвтрүүлж байгаа. Хамт ирсэн хүмүүс нь хавьтал үүсгэхгүйгээр дэглэм сайн барьж ажиллах шаардлагатай.
• Хужиртад бусад рашаан сувилал ажиллаж байгаа нь үнэн үү?
• Хужиртын рашаан сувиллууд үйл ажиллагаагаа зогсоосон. Үйлчлүүлэгчдэдээ PCR шинжилгээ хийгээд нутаг орон руу нь буцаасан. “Ананд Хужирт”-д байсан цөөн хүнийг тусгаарлах байр руу шилжүүлж, PCR шинжилгээ авч байна. Шинжилгээний хариу сөрөг гарах юм бол тухайн орон нутаг руу нь буцаах арга хэмжээг авна.
Эцэст нь хэлэхэд дэлгүүр хоршоо хаагаагүй. Гэхдээ дэлгүүр, худаг ус, эмийн сан зэргээс үйлчилгээ авахаар бол гэр бүлээс нэг л хүн гарч гэрийнхээ хангалтыг хийгээрэй гэж зөвлөе.