Өвөрхангай аймаг “Ногоон хөгжлийн загвар аймаг” болохоор зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд төв суурин газрыг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийн хэмжээг 2013-2016 онд 4 дахин нэмэгдүүлэх зорилтыг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Одоогоор нийт 181 аж ахуйн нэгж, байгууллага, 5542 иргэнээс 5673 ширхэг мод, 26540 ширхэг бут сөөг буюу нийт 32213 ширхэг мод бут тариад байгаа ба улсын чанартай авто замын дагуу ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Түүнчлэн төв суурин газрын нийт ногоон байгууламжийн судалгааг аймаг, сумын төв, байгууллага, аж ахуйн нэгж тус бүрээр шинэчлэн гаргаж, сумын төвүүдэд шинээр байгуулах цэцэрлэгт хүрээлэнг зураг төсвийн дагуу гүйцэтгэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн эдэлбэр газрын 10 хувийг заавал ногоон байгууламжтай болгох, хуучин байсан ногоон байгууламжуудад нэмж мод бут тарих, ургамлан хашлага, зүлэгжүүлэлт, хайс хамгаалалтыг сольж шинэчлэх гэх мэт арга хэмжээ авч ажиллахыг сумдын удирдлагуудад үүрэг болголоо.
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд хувийн хэвшлийнхэн өргөн хүрээтэй оролцож байгаа бөгөөд “Өв-Таван эрдэнэ”, “Батбаянхангай” ХХК-иас Тарагт сумын Дайргын гол, Арвайн талд ойн зурвас, төгөл байгуулах, “БТМ”, “Үхэрчийн булаг” зэрэг аж ахуйн нэгжүүдээс 0.5-1.0 га бүхий Мод үржүүлгийн газар байгуулах зэрэг ажлыг эхлүүлсэн байна.