Өвөрхангай аймаг дахь дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд аймгийн Онцгой комисст 10 сая төгрөгийн хандив өргөлөө. “Өв-Илч”, “Арвай-Илч”, “Хангамж-Өргөө”, “Өв Пост”, “Газрын улаач”, “Мөнхбосго”, “Өвбаян-Улаан”, “БСНБ”, “Ариунбилгүүн”, “Өв-Оюу-Илч” зэрэг компаниуд 500 мянгаас 2 сая хүртэлх бэлэн мөнгөний хандивыг аймгийн Засаг даргад гардуулсан бөгөөд Шуурхай штабын дансанд бүртгэн авав.
Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга А.Ишдорж “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгч, уг хандивын мөнгөөр хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдад иж бүрэн хамгаалах хувцас авахаа хэлсэн юм. Мөн халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа уурын зуухны эздэд баярлаж талархснаа илэрхийллээ.
Мөн “Сангийн далай” хүнсний дэлгүүрийн захирал М.Одончулуун 2500 ширхэг амны хаалтыг, “Маргад” худалдааны төвийн захирал Г.Ганхуяг нэг сая төгрөгийг, “Занабазар” ХХК-ийн захирал Т.Соронзонболд, “Нүнжиг” худалдааны төвийн захирал Б.Мөнгөнцэцэг нар 5000 ширхэг амны хаалт, 30 ширхэг хамгаалалтын хувцсыг хандивласан бол "Ундрам" худалдааны төвөөс хамгаалалтын хувцас, амны хаалт, чацаргана, бэлэн мөнгө зэрэг 2 сая гаруй төгрөгийн үнэ бүхий зүйлийг хандивлаад байна.